Saturday, August 18, 2018

Дөлгөөн, даруу миний Эзэн Есүс...

Библийн алдарт багш, номлогч Чарльз Свиндолл бичихдээ "Би Библийг сүүлийн 50 гаруй жил нухацтай уншиж, судалж байна. Библид Есүс Христ Өөрийнхөө "дотоод хүн"-ийг нэг л газар тодорхойлон хэлсэн байдаг бөгөөд үүнийгээ хоёр үгээр илэрхийлжээ. Тэрээр Өөрийгөө зүрх сэтгэлдээ 'дөлгөөн, даруу' хэмээсэн" гэсэн.

Энэ хоёр үг хамт орсон нэгэн Монгол зүйр цэцэн үг өөрийн эрхгүй санаанд орж байна.
"Их мөрөн дөлгөөн,
Эрдэмтэй хүн даруу."

Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд дөлгөөн, даруу зан чанар сул дорой, номхон ноомой, увиагүй, унхиагүй гэх мэтээр ойлгогдож, эсрэгээрээ өөрийгөө дөвийлгөн магтан сайшаасан, онгироо сагсуу, биеэ тоосон, бардам дээрэнгүй, овжин зальхай байдал шагшин магтагдаж, өндөрт үнэлэгдэх аж. Бүр ч харамсалтай нь, Христитгэлт бидний зарим нь үүнийг даган дуурайж, адилхан харагдах нь Бурханыг таньж мэдэхгүй, Түүнээс хол байгааг илтгэх авай.  Үнэндээ "хоосон сав хамгийн их дуутай" байдгийн адилаар ихэнх гял цал, чанга дуу чимээ нь худал, хоосны илэрхийлэл юм. Тиймээс үнэхээр Христэд итгэгчид бид Эзэн шигээ дөлгөөн хийгээд даруу байх болтугай.

No comments: