Monday, May 19, 2014

БУРХАНЫ ХААНЧЛАЛ

Өнгөрсөн Ням гарагийн сургаалаас...

"Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,
Таны нэр ариунаар дуурсгагдаг.
Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай."
- Матай 6:9-10

Бурханы хаанчлал гэж юу вэ?
Бурханы хаанчлал хаана байдаг вэ?

Хаанчлал гэдэг бол Хааны засаг захиргаа буюу Хаан нь захирдаг, ард олон нь Хаанаа хүндэлж, үнэнч захирагдах тухай ойлголт. Тиймээс Бурханы хаанчлал гэдэг нь Бурханы засаг захиргаа, хаанчлал буюу Түүний хүсэл төлөвлөгөө энэ газар дэлхийд биелэх тухай юм.

Бурханы хаанчлал Өөрийн хүмүүсийн дотор буюу зүрхэнд байна. (Лук 17:21) Их Эзэн Есүс Христэд итгэгч хүний дотор Гурвалаар оршигч Бурханы Ариун Сүнс орших бөгөөд Бурхан Өөрийн Сүнсээрээ бидний зүрхэнд хаанчилваас биднээр дамжуулан Түүний хүсэл нь газар дээр биелнэ.

"Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно." - Матай 6:33

Бурханы хаанчлал болон түүний зөвт байдлыг хайна гэдэг нь юу гэсэн үг вэ?

"Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. " - Ром 14:17

Энэ нь бид өөрсдийн зүрхэндээ Ариун Сүнсний зөвийг эрэлхийлэх ба үүний үр дүнд бидэнд амар тайван хийгээд баяр баясгалан байх болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хаанчлалыг Ариун Сүнсгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Бид Бурхан Аавыг мэддэг, Түүний бидний төлөө өгсөн Хүү Есүс Христийг мэддэг. Гэвч Түүний Ариун Сүнсийг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл Бурханы хаанчлал газар дэлхийд ирэхийн тулд, Түүний хүсэл биелэхийн тулд Ариун Сүнс зайлшгүй хэрэгтэй юм.

Хэрэв тийм биш байсан бол магадгүй Есүс Христ бидний Эзэн заавал 33 жил энэ газар дэлхий дээр амьдрах шаардлагагүй байсан. Магадгүй Тэрээр ирээд шууд загалмайд золиос болон амиа өгч болох байсан. Гэвч Тэрээр ирснээрээ анхны хүн Адамын чадаагүйг буюу Бурханы Ариун Сүнсний тусламжтайгаар энэ дэлхийд амьдрах төгс хүний амьдралаар амьдарч бидэнд зөв үлгэр дууриал үлдээсэн. Ингэснээр бид Их Эзэн Есүс Христийн адилаар бидний дотор оршин буй Бурханы Ариун Сүнсний тусламжтайгаар Бурханы Аавын хаанчлалыг бий болгох боломжтой.

Тиймээс Ариун Сүнс бол бидэнд өгөгдсөн Бурханы агуу Тусламж юм. Түүгээр дамжуулан бид Бурханыг таньж мэдэж, үнэн дотор алхаж, Эзэн Есүс Христийг алдаршуулж чадна.

Бурханы хаанчлал бол бидний зүрхэнд. Иймээс "Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм." - Сургаалт Үгс 4:23

"ЭЗЭН зүрхийг нь хардаг" - 1 Самуел 16:7

Бидний зан чанар, биеэ авч явах байдал, үг үйлдэл бүхэн бидний зүрхэн дэх итгэл үнэмшил, үнэ цэнээс урсан гардаг. Хэрэв Бурханы хаанчлал бидний зүрхэнд байх аваас, Ариун Сүнсний зөв нь бидний зүрхэнд байх аваас, Ариун Сүнсэнд бид зүрхэндээ дуулгавартай захирагдах аваас бидний зан чанар, үг үйлдэл маань Есүс Христийн дүр төрхийн дагуу өөрчлөгдөх боломжтой. Жинхэнэ өөрчлөлт гаднаас бус дотроос эхэлдэг. Үнэндээ энэ бол бидний амьдралын гол зорилго, дуудлага юм.

"Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм." - Ром 8:29

Та бидний Эзэн Есүс Христэд итгэсний дараах хамгийн чухал зүйл бол гадна ил харагдах дотоод зүрхэн дэх өөрчлөлт, шинэчлэлт юм. Хэрэв бид зөвшөөрвөл Бурхан энэ зүйлийг бидний дотор өдрөөс өдөрт хийдэг.

"Бид Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог." - 2 Коринт 3:18

Энэ өөрчлөлт шинэчлэлт бий болох боломжтой бөгөөд биднийг үхэх хүртэл үргэлжилнэ. Та өөрийгөө өөрчлөгдөшгүй гэж бүү бодоорой. Есүс Христ бидний Эзэн энэхүү амьдралын замналыг бидэнд харуулсан. Бид Түүн шиг төгс болохгүй ч төгс байдал уруу тэмүүлдэг.

No comments: