Friday, September 28, 2012

ХОРВООГИЙН ГЭРЭЛ

Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч, алхаж байхдаа Өөрийгөө "Би бол хорвоогийн гэрэл. Намайг итгэн дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэл (бялхсан амь амьдралд хүргэх гэрэл)-тэй болно" гэж хэлсэн. (Библийн Иохан 8:12-д)

Миний мэдэхээр Есүсээс өөр хэн нэгэн хэзээ ч ингэж өөрийнхөө тухай урьд нь ч, хочид ч хэлж байгаагүй. Тийм зүйл би сонсоогүй, уншиж мэдээгүй, эрэн хайж олоогүй. Зөвхөн Есүс Христ л Өөрийнхөө тухай ингэж хэлсэн. Тэрээр нэг бол үнэхээр том худалч, эсвэл үнэхээрийн энэ хүн төрөлхтөн, орчлон ертөнц, хорвоогийн жинхэнэ Гэрэл. Иймээс Есүсийн  Өөрийнхөө тухай хэлсэн нь үнэн худал эсэхийг эрэн хайж олох нь миний бодлоор оюун ухаантай, логик дэс дараатай боддог хүмүүсийн зүйн ёсны хэрэг мэт. Харамсалтай нь хүмүүс бид дэндүү хойрго, унхиагүй, үл огоорох байдалтай байдаг.

Есүс ингэж хэлэхийн өмнө нэгэн явдал тохиолдсон. Үүнийг Библийн Шинэ Гэрээний Иохан номны 8 дугаар бүлгээс уншиж болно.
Есүст хорссон, үзэн ядсан, атаархсан тухайн үеийн Хуулийн багш нар, фарисайчууд (эдгээр хүмүүс нь Библийн Хуучин Гэрээний Бурханы Өөрийн сонгосон ард түмэн болох Изриальчуудад өгсөн Хууль, Хуучин Гэрээний эхний таван номыг А, Б-гүй мэддэг, цээжилсэн, гэвч биелүүлэх тал дээр хоёр нүүртэй, Хуулийг гаднаа биелүүлж буй мэт боловч, дотроо тэрсэлж буй хүмүүс) Есүсийг буруутгах шалтаг олохын тулд завхайрч байсан нэгэн эмэгтэйг үйлдэл дээр нь бариад Есүс болон олны өмнө авчирдаг. Тэгээд Хуулийн дагуу бол энэ эмэгтэй чулуугаар шидүүлж үхэх ялтай, гэвч Есүсээс энэ талаар юу гэж хэлэх талаар асуудаг. Есүс харин энэ хүмүүсийн зүрхнийх нь гүн бодлыг мэдэж байсан. Хэрэв Есүс тийм Хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй гэвэл энэ эмэгтэй тэр даруй хөөрхийлөлтэйгөөр хүмүүсийн өмнө амиа алдах байсан. Тэгээд эдгээр хуулийн багш нар, фарисайчууд өөрсдийгөө зөв зүйтэй зүйл хийсэн гэж олны өмнө харуулах байсан. Харин Есүс үгүй, та нар зөвхөн Намайг сорихын тулд энэ эмэгтэйг ингэж олны дунд авчирсан гэж хэлбэл Есүс хуулийн өмнө буруутан болох байсан бөгөөд эдгээр хуулийн багш нар зорьсондоо хүрэх байсан. Гэвч Есүсийн тэдэнд өгсөн хариу үнэхээрийн гайхалтай.
Тэрээр тэдэнд та нарын дундаас гэмгүй нэгэн нь чулуу аваад энэ эмэгтэй рүү шид гэж хэлсэн. Харин удалгүй хүмүүс ахмадаасаа залуу хүртэл нэг нэгээрээ гарч явсаар зөвхөн өнөөх эмэгтэй Есүс хоёр л үлддэг.
Есүсийг тийнхүү хэлсний дараагаар хүмүүс өөрийн зүрх сэтгэлээ өнгийн харсан. Хэдхэн мөчийн өмнө юу нь зөв, юу нь бурууг тэд маш сайн мэдэж байсан. Гэтэл одоо өөрсдийн гэм нүгэл, бузар булайг олж харсан. Тэгээд хэн ч зүрхлээгүй тул өнөөх эмэгтэй рүү чулуу онилж чадаагүй. Тэгээд Есүс эмэгтэйгээс нөгөө буруутгаад байсан хүмүүс хаачив, хэн ч бурууж шийтгэсэнгүй юу хэмээн асуухад эмэгтэй Түүнд тиймээ Эзэн минь хэн ч буруутгаж шийтгэсэнгүй гэж хариулсан. Тэгээд Есүс түүнд Би ч мөн адил чамайг буруутгаж шийтгэхгүй, харин явж дахин гэм нүгэл бүү үйлд гэж хэлсэн. Үүний дараагаар Есүс Өөрийгөө "Би бол хорвоогийн гэрэл" гэж хэлсэн.

Иохан 1:14 дээр Есүс нигүүлсэл ба үнэнээр дүүрэн Нэгэн хэмээсэн байдаг. Тэрээр нигүүлслээр дүүрэн байгаагийн хувьд тэрхүү гэм нүгэл үйлдсэн эмэгтэйг уучилсан. Бурхан хүн төрөлхтнийг шийтгэхийн тулд биш, харин аврахын тулд Хүү Есүсийг илгээсэн хэмээн Иохан 3:17-д өгүүлдэг. Есүст энэрэх, нигүүлсэх, уучилж өршөөх эрх мэдэл нь байсан. Учир нь Тэрээр цорын ганц гэм нүгэлгүй Нэгэн бөгөөд гэмт хүн төрөлхтний гэм нүглийг өөр дээрээ үүрэхээ мэдэж байсан. Тэрээр гэм нүгэл үйлдсэн эмэгтэйд авах, хүртэх зохисгүй энэрэл нигүүлсэл, уучлал өршөөлийг соёрхсон. Тэр эмэгтэй үнэн хэрэг дэрээ та бид хоёр.

Бид бүгдээрээ гэм нүгэл үйлдсэн. Гэм нүглийн шийтгэл үхэл, үхэл үхэлдээ Библи дээр хоёр дахь үхэл буюу там болох мөнхийн хүхэртэй галт нууранд шатагдах шийтгэл. Үнэхээрийн аймшигтай! Бид уучлал өршөөл авах, хүртэх зохисгүй хүмүүс. Харин бид өөрсдийн гэм нүглээ хүлээн зөвшөөрч, гэм нүглээ ухааран, гэмшиж Бурханаас уучлал өршөөлийг гуйж, Есүс Христ миний өмнөөс гэм нүглийн минь төлөөс болж үхээд, дахин амилсанд итгэхэд Библид бид аврагдах болно хэмээн үгүйлдэг. Бид авах зохисгүй тэр хайр энэрэл, нигүүлслийг яг тэр эмэгтэйн адил хүлээн авсан. Тэр эмэгтэй гэвч гэмшээгүй шүү дээ гэж бодож болох юм. Тэр эмэгтэй олны өмнө байсан. Завхайрч байхад нь барьж, олны өмнө авчирна гэдэг ямар их ичгүүр, сул дорой байдал, өөрийгөө буруутгах, үзэн ядах, хамарсаж харуусах, гэмших нөхцөл байдал вэ. Тэр эмэгтэй Бурханы хуулийн эсрэг гэм нүгэл үйлдсэн, аруин Бурханы өмнө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшсэн. За тэгвэл тэр эмэгтэй Есүст итгээгүй шүү дээ гэж бас хариулж болох юм. Есүс түүнд Би ч гэсэн шийтгэхгүй гэж хэлэхэд тэр эмэгтэй уучлал өршөөлийг хүлээж авсан. Тэрээр түүнд итгэсэн. Библийн Ромын 2:4-д Бурханы сайн сайхан биднийг гэмшилд хүргэдэг гэсэн байдаг. Жинхэнэ гэмшил үргэлж жинхэнэ итгэлийг дараасаа дагуулдаг. Тэр эмэгтэй гэмшиж, Есүсийн сайн сайхныг харснаараа Түүнд итгэсэн. Есүс нигүүлслээр дүүрэн Нэгэний хувьд түүнийг уучилж өршөөсөн.
Есүс мөн үнэнээр дүүрэн Нэгэний хувьд тэр эмэгтэйд мөн үнэнийг хэлсэн. Дахин гэм нүгэл бүү үйлд. Ингэж хэлэхдээ Есүс үнэнийг тэр эмэгтэйд хэлсэн. Есүс зүгээр л гэм нүглийг харахгүй, үл тоомсорлоогүй. Тэрээр хүн төрөлхтнийг аврахын тулд гэм нүглийн төлөөс нь болно гэдгээ мэдэж байсан. Гэм нүгэл бол тоглоом биш. Учир нь гэм нүгэл үргэлж үхлийг авчирдаг. Библид гэм нүгэл түр зуурын зугаа цэнгэл, таашаал гэсэн байдаг. Гэм нүгэл бол түр зуурынх, гэвч үр дүн нь үхэл. Бүх төрлийн үхэл. Сүнслэг, оюун санаа, бие махбод, санхүү, эрүүл мэнд, бүх төрлийн үхлийн үр дүнг авчирдаг. Хамгийн ноцтой нь гэм нүгэл биднийг тамд аваачих хангалттай шалтгаан. Тэр эмэгтэй цаашдаа хэрхэн гэм нүгэл үйлдэхгүй амьдарч чадах вэ гэж асууж болох юм. Тэрээр Есүсийн уучлал өршөөл, энэрэл нигүүлслийг хүртсэн хүний хувьд тэрхүү нигүүлсэл нь түүнд гэм нүгэл хийхгүй харин шинээр амьдрах хүч чадал, тэнхээ болох болно. Тиймээс Есүс явж бүү дахин нүгэл үйлд гэж хэлсэн. Бид ч мөн адил агуу их уучлал өршөөлийг Есүсээс болж авсаныхаа хувьд гэм нүглээс хол зөв амьдарч чадна. Үүнийг бид Түүний нигүүлслээр чадна.

Есүс бол Хорвоогийн гэрэл. Та Түүнд итгэн дагаснаар амь амьдралд, бялхсан амь амьдралд хүргэх гэрэлд алхах болно. Та Түүний энэрэл нигүүлслээр авах, хүртэх зохисгүй нигүүлслийг хүлээн авсан. Тиймээс мөн гэм нүгэл дахин бүү үйлд. Хэрэв та Есүст итгээгүй бол Түүний өмнө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, Түүнээс уучлал өршөөлийг авч, Тэрээр дахин амилсанд нь итгэж шинэ амьдралыг хүлээн авч, шинэ амьралаар амьдрах боломжтой. Есүс бол хорвоогийн гэрэл. Энэ ертөнцийн цорын ганц Аврагч мөн Эзэн. Тэрээр таныг ивээх болтугай.

Francis Chan ~ "Aging Biblically" ~ Sermon Jam