Sunday, March 27, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр: Өдөр 1



“Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна.” 1 Иохан 4:15
Энэ үнэхээрийн гайхамшигт үнэн. Үүнээс бид 2 чухал зүйлийг сурч болно.

1. Бид Есүсийг Аврагч, Эзэн хэмээн зүрхэндээ итгэн, амаараа хүлээн зөвшөөрч тунхагласнаар зөвтгөгдөж, арвалд хүрдэг. Жинхэнэ зүрхэн дэх итгэл үргэлж гаднаа илэрхийлэгдэх үйлстэй байдаг. Биднийг авралд хүргэсэн итгэл бидний хүлээн зөвшөөрөн хэлсэн үг яриа, гуйлт, залбирал байсан. Ингэж бид дээрээс дахин төрж, шинэ сүнсийг хүлээн авч, цоо шинэ бүтээл болдог. Мөн бидний дотор бүтээгдсэн шинэ сүнс дотор амьд Бурханы Ариун Сүнс ирж нутагладаг. Эзэний Сүнстэй нэгдсэн сүнс НЭГ болой хэмээн Библи бидэнд заадаг. Өөрөөр хэлбэл, Христэд итгэгч бидний дотор амьд Бурхан Өөрийн Сүнсээрээ оршин байдаг. Мөн бид Амьд Бурханы дотор оршин байдаг. Учир нь бид Түүнтэй нэг болсон.

2. Есүсийг Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрсөн нь нэг удаагийн үйлдэл бус, харин бидний амьдралын хэмнэл байх ёстой. Бид өдөр, цаг, минут, секунд тутамд Есүсийг Бурханы Хүү хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь ингэснээр бид өөрсдийн дотор буй амьд Бурханы амьдрал, мөн Түүн доторх амьдралаар амьдарч, бусдад Түүнийг гэрчилж чадна. Өөрөөр хэлбэл, дахин төрөхөд Бурхан миний дотор, би Түүний дотор болсон юм байна гэдгийг ойлгох, мөн яг одоо энэ цаг мөчид Бурхан миний дотор, би Бурханы дотор БАЙНА гэдгийг ухааран амьдрах хоёр ялгаатай юм.

“... та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх...” (Колоссай 2:6) хэмээн Эзэний Үг бидэнд тушаадаг.

Есүсийг Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрнө гэдэг нь бидний гэм нүгэл уучлагдсан, бид Христтэй хамт цовдогдон нас барсан, мөн Түүнтэй хамт дахин амилсан төдийгүй тэнгэрт өргөмжлөгдөн, тэнгэрлэг газарт суусан зэрэг үнэн баримтуудад итгэж үнэмшин, тэдгээрт захирагдан амьдрахыг хэлнэ. Энэ бүх зүйл Бурхан бидэнд хайртай, биднийг хайрладаг учраас бий болсон. Иймээс Есүсийг Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрнө гэдэг нь Бурханы биднийг хайрлах хайрыг өөртөө сануулан, хүлээн авна гэсэн үг юм.

Хэрэв ээ та Христэд итгэгч хүн бол яг одоо энэ цаг мөчид Бурхан таны дотор, та Бурханы дотор байна. Тийм учраас ер бусын амьдрал тантай хамт байна. Үүнийг хүлээн авч Мөнхийн улсын өдрийг энэ газар дэлхий дээр өнөөдөр бий болгон амьдраарай.

No comments: