Monday, April 4, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр: Өдөр 5

“..би Христ Есүсээр юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг. Ах дүү нар аа, би өөрийгөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.”Филиппой 3:12-14

Энэ бол агуу Апостол Пуулийн итгэл үнэмшил, үзэл баримтлал. Түүний хэн байсан болох, хийсэн бүтээсэн бүхэн нь үүнтэй салшгүй холбоотой гэдэгт би итгэдэг. Пууль зөвхөн Есүс Их Эзэний жинхэнэ үйлчлэгч, зарц хүний үлгэр жишээ төдийгүй мөн Есүсийн жинхэнэ дагалдагч хүний амьдрах ёстой амьдралыг бидэнд үлгэрлэн харуулдаг.

Христэд итгэгч бидний амьдрал урагшаа хийгээд дээшээ чиглэсэн. Хэзээ ч хойшоо юм уу доошоо биш. Есүс Их Эзэн маань өмнөө тавигдсан Ер Бусын Эцгийнхээ дуудлага, ажлыг биелүүлэхийн төлөө урагшилсан бөгөөд бүгдийг биелүүлэн амьсгаа хураасныхаа дараагаар дахин амилж, улмаар дээш тэнгэрт өргөмжлөгдсөн.

Итгэгч хүн бүрт биелүүлэхээр өгсөн Эзэн Есүсийн дуудлага, алсын хараа бий гэж би итгэдэг. Пууль өөрийн зүрх сэтгэлээ Филиппойн итгэгч ахан дүүс нартаа нээн хуваалцахдаа, “..би Христ Есүсээр юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг...”хэмээсэн. Түүний зүрх сэтгэл Эзэнээс өөрт нь юу оногдсон, түүнийг барьж, биелүүлэхийн төлөө байсан. Түүнд ямар нэгэн далд хувийн хүсэл, ашиг сонирхол огт байгаагүй. Түүний амьдралыг хөдөлгөгч гол хүчин зүйл нь Эзэн Есүс, Түүнийхээ хүслийг биелүүлэн амьдрах байсан. Энэ л түүнийг агуу Апостол Пууль болгосон.

Ингэж амьдрахын тулд Пууль нэг л зүйлийг хийдэг хэмээсэн. Энэ нь “…ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлэх..”  Та бид хоёр өөрсдийнхөө Эзэнээс өгөгдсөн дуудлага, алсын харааг биелүүлэн Хрисчин амьдралаараа амьдрахад мөн л Пуулийн хийснийг хийж сурах хэрэгтэй. Ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлэх.

Заримдаа бид өөрсдийн өнгөрсөнд гаргасан алдаа бүтэлгүйтэл, гэм нүглүүдээс болж өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө үзэн ядан, голж буруутган явсанаар Их Эзэнийхээ хүсэл төлөвлөгөөн дотор алхаж амьдарч чаддаггүй. Хэрэв ээ бид үнэхээр өнгөрсөний алдаа, гэм буруугаасаа суралцаж, Эзэнийхээ өмнө нугаран хугарч, бурханлаг гэмшилээр Түүнийхээ өмнө ирсэн бол Эзэнийхээ ариун цусаар угаагдаж, шинэ амьдралын гал цогоор бадран асах хэрэгтэй.

Мөн заримдаа бид өнгөрсөнд өөрсдийн гаргасан агуу амжилт, оргил өндөрлөгүүдийг дурсан санаж, дахин тийм өдрүүд ирэх болов уу хэмээн хуурамч итгэлээр хийгээд өнгөрсөн цаг хугацаанд амьдардаг.Харин бид ингэж амьдрах биш, алдаа эндэгдэл, гэм буруу, амжилт бүтээл гээд өнгөрсөний бүхнийг мартаж, урагш тэмүүлэх учиртай. Яагаад гэвэл бидний амьдрал биднийх биш, Эзэний төлөө, Эзэний амьдрал болсон билээ.

Их Эзэн Есүсийн танд өгсөн дуудлага, алсын хараа, амьдрал юу болохыг та мэдэх үү? Та үүнийг биелүүлэн амьдрахын төлөө зүтгэн тэмүүлдэг үү? Танд ийнхүү амьдрахад юу саад болдог вэ? Хэрэв ээ та Эзэнээсээ холдож, ийнхүү амьдарч чадаагүй бол өнөөдөр танд дахин цоо шинэ өдөр ирж байна. Та өнөөдөр ардах бүхнээ мартаж, Эзэнийхээ зорилго дуудлагын төлөө урагшаа тэмүүлэн зүтгээрэй! Таныг агуу шагнал нь хүлээж байдаг. Эзэн дүүрнээр ивээг!

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр: Өдөр 4

  

Ертөнцийн Эзэн бол сайн

“Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.” Иаков 1:16-18

Христэд итгэгчид бид Ертөнцийн Эзэний сайн сайхан чанарт бат итгэлтэй байх хэрэгтэй.

Заримдаа бид өөрсдийн амьралд болж буй хэцүү асуудал, амсаж мэдсэн туршлага, өнгөрсөнөөрөө Ертөнцийн Эзэний хэн болохыг тайлбарлахыг оролдож, тэр хэмжээгээрээ өөрсдийн итгэл үнэмшлээ бий болгон, хэлбэржүүлдэг. Хэрэв бид Ертөнцийн Эзэнийг ийнхүү дүгнэдэг бол мэхлэгдсэн хэрэг юм. Бидний дайсан болох муу ёрын сүнс бидний амьдралд бий болгохыг хүссэн Ертөнцийн Эзэний сайн сайхныг дуурайлган хуурамч, түр зуурын зүйлсийг оронд нь санал болгож, “хулгайлан, алж, сүйтгэх” ажлаа хийн, хууран мэхэлснээр биднийг Ертөнцийн Эзэний талаар буруу ойлголт хандлагатай байлгахыг байнга оролддог.

Харин хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн! Ертөнцийн Эзэн бол сайн, Тэр бол жинхэнэ гэрэл, Түүний дотор харанхуй үгүй, харанхуйн сүүдэр ч үгүй, Тэрээр хэзээ ч хувирч өөрчлөгдөшгүй билээ.  

Ертөнцийн Эзэн Өөрийн сайн сайхан таалал, хүслийнхээ дагуу Өөрийн хайрт Хүү Есүсийн амийг золиослон байж танд, надад энэхүү агуу авралыг өгсөн. “Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм.Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?” Ром 8:32

Иймээс та өнөөдрийг Ертөнцийн Эзэнээсээ Түүний сайн сайхан тааллыг хүсэн хүлээн, амар тайван, баяр хөөр, амьд итгэлээр дүүрэн өнгөрүүлээрэй. 

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр:Өдөр 3


Шинэ бүтээл

“Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон юм.” 2 Коринт 5:17

Өгүүлбэр хийгээд үг яриа өмнөө оршилгүйгээр “тиймээс” хэмээн эхэлдэггүй. Тиймээс энэ үгээр эхэлж буй дээрх Библийн ишлэл өмнөх бичигдсэн зүйлстэй даруй холбоотой.

Олон жилийн өмнө Монголд хамтдаа үйлчилж байсан гадаадын миссионер илгээлтийн эзнээс сайн ойлгож чадахгүй байсан Библийн ишлэлийг тайлбарлуулахаар асуусанд тэрээр “Нэг ишлэл ойлгохгүй бол нилээд хэдэн ишлэлтэй нь унш, ойлгохгүй хэвээр бол тухайн ишлэлийг агуулсан бүлгийг нь унш, мөн ойлгохгүй хэвээр бол хэд хэдэн бүлэгтэй нь хамт унш, гэсэн ч ойлгохгүй бол тухайн номоо, тэгээд бүр Библийг бүтнээр нь унш.” гэж хэлж билээ. Тухайн үедээ би “-’яг’ л тус боллоо доо” гэж бодон дургүйхэн шиг байснаа санаж байна. Гэвч яваандаа энэ туйлын үнэн болохыг ойлгож ухаарсан бөгөөд надад тэгэж хэлсэнд нь одоо ч маш их талархаж явдаг.

Бид аль нэг ишлэлийн утга санааг бүрэн ойлгохын тулд агуулгаар нь унших зайлшгүй чухал бөгөөд энэ нь бас Библи болох Бурханы Үгийг дайвуулж, гуйвуулах аюулаас хамгаалдаг.

2 Коринт 5:14-15-д “Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн...Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой.” гэсэн. Есүс хүн төрөлхтний дан ганц гэм нүглийн шийтгэлийг Өөртөө хүлээн авч үхээгүй. Тэрээр мөн биднийг Өөртөө агуулан үхсэн юм. Учир нь Анхны Хүн Адамын үйлдсэн гэм нүглээс болж, бүх хүн төрөлхтөн гэмт мөн чанартай төрөх болсон бөгөөд үүний улмаас гэм нүгэл үйлддэг. Харин гэм нүглийн төлөөс нь үхэл хэмээн Библи заадаг. Төрөхөөс гэмт мөн чанартай болсон хүмүүс бид үхэж байж л энэ гэмт мөн чанараасаа ангижирч, цоо шинэ мөн чанарыг хүлээн авч дахин төрж чадна. Иймд Библи Есүсийг бүхий л гэмт мөн чанартай хүн төрөлхтнийг агуулан үхсэн Сүүлчийн Адам, үхлээс амилуулагдаад цоо шинэ удам угсааг эхлүүлэгч Хоёр дахь Хүн хэмээн нэрлэсэн байдаг.(1 Коринт 15)  Учир нь Есүс үхэхэд бид Түүнтэй хамт үхэж, Түүний үхэлтэй нэгдсэн, мөн дахин амилахад нь Түүнтэй амилж шинэ амьдралыг хүлээн авсан. Тиймээс хэрэв хэн нэгэн Христ Есүст итгэсэн бол тэр хүн Христ дотор байгаа бөгөөд дахин төрсөн, шинэ мөн чанарыг хүлээн авсан шинэ бүтээл юм. Хуучин бүх юмс нь өнгөрөн одсон. Энэ бол хүний оюун ухаанаас гарж чадамгүй, Ертөнцийн Эзэн Бурханы гайхамшигтай мэргэн ухаан хийгээд хүч чадал, Түүний сайн сайхан мөн чанар юм.

Өнөөдөр та Христ дотор шинэ бүтээл, шинэ хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ гайхамшигт үнэн дотор баярлан хөөрч, өөрийнхөө төлөө бус, таны төлөө үхээд, дахин амилсан Есүс Христийн алдарын төлөө Түүнийг хүндэтгэн амьдраарай.