Monday, April 4, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр:Өдөр 3


Шинэ бүтээл

Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон юм. 2 Коринт 5:17

Өгүүлбэр хийгээд үг яриа өмнөө оршилгүйгээр “тиймээс” хэмээн эхэлдэггүй. Тиймээс энэ үгээр эхэлж буй дээрх Библийн ишлэл өмнөх бичигдсэн зүйлстэй даруй холбоотой.

Олон жилийн өмнө Монголд хамтдаа үйлчилж байсан гадаадын миссионер илгээлтийн эзнээс сайн ойлгож чадахгүй байсан Библийн ишлэлийг тайлбарлуулахаар асуусанд тэрээр Нэг ишлэл ойлгохгүй бол нилээд хэдэн ишлэлтэй нь унш, ойлгохгүй хэвээр бол тухайн ишлэлийг агуулсан бүлгийг нь унш, мөн ойлгохгүй хэвээр бол хэд хэдэн бүлэгтэй нь хамт унш, гэсэн ч ойлгохгүй бол тухайн номоо, тэгээд бүр Библийг бүтнээр нь унш. гэж хэлж билээ. Тухайн үедээ би “-яг л тус боллоо доо” гэж бодон дургүйхэн шиг байснаа санаж байна. Гэвч яваандаа энэ туйлын үнэн болохыг ойлгож ухаарсан бөгөөд надад тэгэж хэлсэнд нь одоо ч маш их талархаж явдаг.

Бид аль нэг ишлэлийн утга санааг бүрэн ойлгохын тулд агуулгаар нь унших зайлшгүй чухал бөгөөд энэ нь бас Библи болох Бурханы Үгийг дайвуулж, гуйвуулах аюулаас хамгаалдаг.

2 Коринт 5:14-15 Нэг нь бүх хүмүүсийн төлөө үхсэн тул бүгд үхсэн...Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой. гэсэн. Есүс хүн төрөлхтний дан ганц гэм нүглийн шийтгэлийг Өөртөө хүлээн авч үхээгүй. Тэрээр мөн биднийг Өөртөө агуулан үхсэн юм. Учир нь Анхны Хүн Адамын үйлдсэн гэм нүглээс болж, бүх хүн төрөлхтөн гэмт мөн чанартай төрөх болсон бөгөөд үүний улмаас гэм нүгэл үйлддэг. Харин гэм нүглийн төлөөс нь үхэл хэмээн Библи заадаг. Төрөхөөс гэмт мөн чанартай болсон хүмүүс бид үхэж байж л энэ гэмт мөн чанараасаа ангижирч, цоо шинэ мөн чанарыг хүлээн авч дахин төрж чадна. Иймд Библи Есүсийг бүхий л гэмт мөн чанартай хүн төрөлхтнийг агуулан үхсэн Сүүлчийн Адам, үхлээс амилуулагдаад цоо шинэ удам угсааг эхлүүлэгч Хоёр дахь Хүн хэмээн нэрлэсэн байдаг.(1 Коринт 15)  Учир нь Есүс үхэхэд бид Түүнтэй хамт үхэж, Түүний үхэлтэй нэгдсэн, мөн дахин амилахад нь Түүнтэй амилж шинэ амьдралыг хүлээн авсан. Тиймээс хэрэв хэн нэгэн Христ Есүст итгэсэн бол тэр хүн Христ дотор байгаа бөгөөд дахин төрсөн, шинэ мөн чанарыг хүлээн авсан шинэ бүтээл юм. Хуучин бүх юмс нь өнгөрөн одсон. Энэ бол хүний оюун ухаанаас гарж чадамгүй, Ертөнцийн Эзэн Бурханы гайхамшигтай мэргэн ухаан хийгээд хүч чадал, Түүний сайн сайхан мөн чанар юм.

Өнөөдөр та Христ дотор шинэ бүтээл, шинэ хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ гайхамшигт үнэн дотор баярлан хөөрч, өөрийнхөө төлөө бус, таны төлөө үхээд, дахин амилсан Есүс Христийн алдарын төлөө Түүнийг хүндэтгэн амьдраарай.   

No comments: