Monday, April 4, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр: Өдөр 5

..би Христ Есүсээр юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг. Ах дүү нар аа, би өөрийгөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.Филиппой 3:12-14

Энэ бол агуу Апостол Пуулийн итгэл үнэмшил, үзэл баримтлал. Түүний хэн байсан болох, хийсэн бүтээсэн бүхэн нь үүнтэй салшгүй холбоотой гэдэгт би итгэдэг. Пууль зөвхөн Есүс Их Эзэний жинхэнэ үйлчлэгч, зарц хүний үлгэр жишээ төдийгүй мөн Есүсийн жинхэнэ дагалдагч хүний амьдрах ёстой амьдралыг бидэнд үлгэрлэн харуулдаг.

Христэд итгэгч бидний амьдрал урагшаа хийгээд дээшээ чиглэсэн. Хэзээ ч хойшоо юм уу доошоо биш. Есүс Их Эзэн маань өмнөө тавигдсан Ер Бусын Эцгийнхээ дуудлага, ажлыг биелүүлэхийн төлөө урагшилсан бөгөөд бүгдийг биелүүлэн амьсгаа хураасныхаа дараагаар дахин амилж, улмаар дээш тэнгэрт өргөмжлөгдсөн.

Итгэгч хүн бүрт биелүүлэхээр өгсөн Эзэн Есүсийн дуудлага, алсын хараа бий гэж би итгэдэг. Пууль өөрийн зүрх сэтгэлээ Филиппойн итгэгч ахан дүүс нартаа нээн хуваалцахдаа, ..би Христ Есүсээр юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг...хэмээсэн. Түүний зүрх сэтгэл Эзэнээс өөрт нь юу оногдсон, түүнийг барьж, биелүүлэхийн төлөө байсан. Түүнд ямар нэгэн далд хувийн хүсэл, ашиг сонирхол огт байгаагүй. Түүний амьдралыг хөдөлгөгч гол хүчин зүйл нь Эзэн Есүс, Түүнийхээ хүслийг биелүүлэн амьдрах байсан. Энэ л түүнийг агуу Апостол Пууль болгосон.

Ингэж амьдрахын тулд Пууль нэг л зүйлийг хийдэг хэмээсэн. Энэ нь “…ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлэх..”  Та бид хоёр өөрсдийнхөө Эзэнээс өгөгдсөн дуудлага, алсын харааг биелүүлэн Хрисчин амьдралаараа амьдрахад мөн л Пуулийн хийснийг хийж сурах хэрэгтэй. Ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлэх.

Заримдаа бид өөрсдийн өнгөрсөнд гаргасан алдаа бүтэлгүйтэл, гэм нүглүүдээс болж өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө үзэн ядан, голж буруутган явсанаар Их Эзэнийхээ хүсэл төлөвлөгөөн дотор алхаж амьдарч чаддаггүй. Хэрэв ээ бид үнэхээр өнгөрсөний алдаа, гэм буруугаасаа суралцаж, Эзэнийхээ өмнө нугаран хугарч, бурханлаг гэмшилээр Түүнийхээ өмнө ирсэн бол Эзэнийхээ ариун цусаар угаагдаж, шинэ амьдралын гал цогоор бадран асах хэрэгтэй.

Мөн заримдаа бид өнгөрсөнд өөрсдийн гаргасан агуу амжилт, оргил өндөрлөгүүдийг дурсан санаж, дахин тийм өдрүүд ирэх болов уу хэмээн хуурамч итгэлээр хийгээд өнгөрсөн цаг хугацаанд амьдардаг.Харин бид ингэж амьдрах биш, алдаа эндэгдэл, гэм буруу, амжилт бүтээл гээд өнгөрсөний бүхнийг мартаж, урагш тэмүүлэх учиртай. Яагаад гэвэл бидний амьдрал биднийх биш, Эзэний төлөө, Эзэний амьдрал болсон билээ.

Их Эзэн Есүсийн танд өгсөн дуудлага, алсын хараа, амьдрал юу болохыг та мэдэх үү? Та үүнийг биелүүлэн амьдрахын төлөө зүтгэн тэмүүлдэг үү? Танд ийнхүү амьдрахад юу саад болдог вэ? Хэрэв ээ та Эзэнээсээ холдож, ийнхүү амьдарч чадаагүй бол өнөөдөр танд дахин цоо шинэ өдөр ирж байна. Та өнөөдөр ардах бүхнээ мартаж, Эзэнийхээ зорилго дуудлагын төлөө урагшаа тэмүүлэн зүтгээрэй! Таныг агуу шагнал нь хүлээж байдаг. Эзэн дүүрнээр ивээг!

No comments: