Monday, December 3, 2012

ХАМГИЙН ЧУХАЛ ХОЁР ҮНЭН

Одоогоос зургаан жилийн өмнө Америкаас ирсэн нэгэн пасторт орчуулга хийж байхдаа түүний Христчин хүний амьдралдаа мэдэх хоёр чухал үнэний тухай ярьж байгааг сонсоод дотроо би үүнийг бүрэн дүүрэн мэдэх юмсан гэж сэтгэл зүрх минь юу юунаас илүүтэйгээр тэмүүлж билээ.

Удалгүй Америкт Библийн сургуульд сурахаар болж, миний мэдэхийг хүссэн хамгийн чухал зүйл бол өнөөх пасторын хэлсэн үгсийг амьдралдаа бодитойгоор олж мэдэх байлаа. Үүний төлөө гуйж, залбирч, өөрийн мэдэлгүй бодол эргэцүүлэл, эрэн хайлтаар дүүрэн байдаг байсан...

Энэ хоёр үнэн юу вэ?
1. Бурхан танд хайртай гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж үнэмшиж, энэ үнэн таны амьдралд бодьтой болох
2. Бурхан танд хайртай учраас Бурхан үргэлжид тантай хамт.

Мэдээж эхний үнэн тодорхой болсны дараагаар хоёр дахь үнэн нь танигдана. Тухайн үед үүнийг би чин зүрхнээсээ мэддэггүй байлаа. Бурхан надад хайртай, тийм би үүнийг мэднэ гэсэн маань оюун санааны төдий мэдлэг байлаа.

Харин Америкт бүтэн 3 жил Библийн сургуульд сурахдаа үүнийг л мэдэхийг хүсч, үнэхээр ЭЗЭН хайр энэрлээр дүүрэн учраас гуйлт залбирлыг минь анхааран сонсож, бодож санаснаас ч минь агуугаар бодитоор үүнийг ойлгуулж, ухааруулсан юм.

Сургуулийнхаа эхний жилдээ сурсан хамгийн чухал үнэн бол би бол бузар муу, гэм нүгэлтэй гэмт хүн гэдгээ үнэхээр л бараг яс махандаа мэдэртэл ойлгосон юм. Үүний үр дүнд туйлын ариун, үнэн зөв Бурхан уруу хандан орь дуу тавих шахам гуйлт залбирлууд нус нулимстай холилдон гардаг байлаа. Үнэндээ тэр цагийг хүртэл өөрийгөө цэвэр, цэмцгэр, бусдыг бодвол сайн, илүү дээр гэж бардам ихэрхэг боддог балчир, төлөвшилгүй байж дээ... Энэ бол хүмүүс бидний том алдаа. Харамсалтай нь, өнөөгийн сүпер болж харагдах нь амжилт мэт үнэлэгдэх нийгэмд үүнийг олж мэдэх нь ховор мэт.

Харин үүний дараа Библийн сургуулийнхаа хоёр дугаар курст сурсан хамгийн чухал үнэн нь бардам онгироо, хувиа хичээсэн гэм нүглийн үүр болсон намайг энэ туйлын ариун ЭЗЭН аврахын тулд Өөрт байгаа бүхнээ ямар ч харамлах сэтгэлгүйгээр өгснийг Түүний Хүү Есүс Христийн амьдрал, үхлээр олж мэдээд өөрийгөө ямар их хайрлагдсаныг олж мэдсэн. Библи хэлэхдээ биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христ бидний төлөө цовлогдон нас барсан гэсэн. Энэ бол агуу хайр бөгөөд миний хэзээ ч хүртэх зохисгүй, хүртэж чадамгүй хайр ивээл, энэрэл нигүүлсэл байлаа. Бурхан намайг Өөрийнх нь эсрэг нуруугаа харуулсан дайсан мэт амьдарч байхад Өөрийн Хүүгийн амиар намайг мөнхийн хайраар хайрласнаа надад ойлгуулсан. Би Түүний төлөө юу ч хийгээгүй, мөн хийж чадах ч үгүй байхад ингэж намайг хайрласан нь Түүний болзолгүй агуу хайр байсан юм.



"Бурхан хүн төрөлхтнийг үнэхээрийн их хайрласан тул Өөрийн цорын ганц хайртай Хүүгээ өгчээ. Ингэснээр Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм." Иохан 3:16

Энэ үнэн тэр л үед миний зүрх сэтгэл, амьралд бодит болсон юм. Үнэхээр Бурханы агуу хайрыг олж харахын тулд бид өөрсдийн гэм нүглийн Есүс Христээс өөр хэн ч биднийг татаж гаргаж үл чадах гүн харанхуй нүх хонгилын найдваргүй байдалд ирэх хэрэгтэй. Тэгэж байж, загалмай дээр Өөрийгөө хүн төрөлхтний төлөө сайн дураараа өгсөн Христийн жинхэнэ хайрынх нь утга учир, алив бахдам сайхан, биднийг бүрмөсөн өөрчлөх ер бусын хүчийг нь олж харах болно.

Аа халаг гэж, гэвч хүн гэдэг юутай өрөвдөлтэй хөөрхийлөлтэй вэ? Бид даанч өөрсдийн гэмт нүгэлтэн гэдгээ олж харахын тулд заримдаа Бурханы агуу гайхамшигууд ч хүртэл нүдэнд үл торох мэт...

"Бардам зан би чамайг үзэн ядна, учир нь чиний үүсэл гарал ариун гэрлүүдийн Эцэг Бурханаас биш, адгийн муу ёрын сүнснийх аж. Үтэр түргэн үнэнтэй нүүр тулж, үйлийн үр чи өөрөө гэдгээ мэдээч..."

Гэвч би хараагаа тэнгэр өөд дээш өргөнө. Учир нь тэнд л миний жинхэнэ баяр хөөр, амар тайван, аз жаргалын Охь нь бий. Миний Эзэн Есүс Христ загалмайд цовдлогдон нас бараад хадан булшинд оруушагдсан хэдий ч Гурвалаар оршигч Бурханы Ариун Сүнс гурав дахь өдөр нь Түүнийг үхлээс амилуулсан билээ. Тийм ээ, миний Эзэн дахин амилсан. Тэрээр үхлийн хүч болон муу нэгнийг ялан дийлсэн. Тиймээс Тэр тэнгэрт заларсан. Түүнд одоо бүх эрх мэдэл бий. Тэрээр хамгийн эрхэм дээд нэрийг хамгийн доод гутамшгийг хүн төрөлхтний төлөө амссан болохоор хүртсэн. Тиймээс Түүнд хэзээ нэгэн өдөр бүх хүн төрөлхтөн өвдөг сөгдөнө. Тэр амьд учраас би өнөөдөр амьд, амьд амьдаа хэзээ ч байгаагүйгээр амьд. Учир нь Түүнийг үхлээс амилуулсан тэр Ариун Сүнс надад бий, миний дотор бий. Үүнийг хэрхэн яаж гэдгийг би сайн ойлгож, тайлбарлаж үл чадах ч энэ бол үнэн үг. Тэр Сүнс намайг хэзээ ч орхихгүй, надтай үргэлж хамт байх болно.

Та Бурханаар ингэж их хайрлагдсанаа олж мэдсэн үү? Тэр танд хайртай учраас тантай үргэлж хамт. Үүнийг ойлгож мэдсэнээс хойш амьдрал минь ер бусын болсныг улам бүр сайн мэдэх болсон. Энэ үнэнг таныг мөн мэдээсэй хэмээн би хүсч байна. ЭЗЭН танд үүнийг дуртайяа ойлгуулж таниулах болно. Учир нь үүний төлөө Тэрээр бидний нэг болж ирсэн юм. 

No comments: