Monday, December 3, 2012

ТА ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ...


Та өөрийгөө өөрчилж чадахгүй. Үүнийг та ойлгож мэдсэн үү? Бид бусдыг өөрчлөхийг хүсдэг. Өөрийнхөөрөө байлгах гэж оролддог. Тэгээд бүтэлгүйтэхээрээ уурлаж, бухимддаг. Яагаад бид ингэж уурлаж, бухимдана вэ гэхлээр бид өрөөлийг бүү хэл өөрсдийгөө ч өөрчилж чадахгүй гэдгийг ойлгож ухаараагүй хэрэг. Иймээс одоо боль. Цаг хугацаа үрэхээ боль. Бусдыг болон өөрийгөө зовоохоо боль.

Тэгвэл шийдэл нь юу вэ?

Бурханы Үг хэлэхдээ 2 Коринт 3:18-д "Бид бүгд бүтээллэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид ийнхүү Түүний дүрд алдараас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог." гэсэн.

Та Есүсийг хар. Түүн дээр хараагаа тавь. Есүс бол Бурханы алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл. (Еврей 1:3) Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд бидэнд Өөрийн Хүүгээр хандаж ярьдаг. (Еврей 1:2) 

Та Есүсийг харахдаа Түүний таны төлөө юу хийснийг хар. Таны өмнөөс таны бүх гэм нүглийг Тэрээр өөрийн нуруун дээр үүрсэн. Тэр таны өмнөөс золиос болсон. Түүний урссан ариун цус гэм нүглийг чинь бүрмөсөн мөнхөд холдуулсан. Та уучлагдсан. Та зөвт болсон. Таны гэмт мөн чанар цэвэр зөвт болсон. (Еврей 10:1-2) Таны хуучин хүн Түүний үхэл, оршуулгатай нэгдсэн. Мөн таны мөн чанар цоо шинээр бүтээгдэж, Түүний дахин амилалттай нэгдсэн. (Ром 6:1-14)

Тэрээр таны гэм нүглийн төлөө үхэж, таныг зөвтгөхийн төлөө дахин амилсан. Тэрээр мөн тэнгэрт Бурхан Эцэгийнхээ баруун гар талд таныг төлөөлөн, таны төлөө зуучлан гуйж байгаа. Тэрээр диаволийг ялан дийлсэн. Түүнд бүх эрх мэдэл, ялалт бий. Та тэгээд мөн Түүний дотор бий. Та Есүс Христийг харахад мөн өөрийгөө харах болно. Учир нь таны амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан. Та хайрлагдсан. Таны дээр Бурханы таалал, ивээл ерөөл Есүс Христээс болж үргэлж бий.

Та Христийг харахдаа өөрийгөө ингэж харах үед та Христийн дүр төрхийн дагуу өөрчлөгдөх болно. Та ингэж харах бүрт өөрчлөлт явагдах болно. Үүнийг Эзэний Сүнс таны дотор хийнэ. Энэ бол гайхамшиг. Тэгээд та Христийн дүр төрхөөр өөрчлөгдөх учраас таныг хараад бусад хүмүүс ч мөн өөрчлөлтийг мэдэрч, өөрчлөгдөх болно.

No comments: