Monday, March 28, 2011

Мөнхийн улсын өдрүүд газар дэлхий дээр: Өдөр 2



Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.” 1 Иохан 4:16

Христэд итгэгч хүний хамгийн гол чухал хүлээн авч, ойлгож ухааран, мэдэж мэдэрч, итгэж үнэмших ёстой зүйл бол “Бурхан бол хайр, Тэрээр намайг мөнхийн дуусашгүй хайраар хайрладаг” хэмээх үнэн юм.

Үнэн хэрэгтээ зөвхөн итгэгч хүний бус, харин бүх л хүн төрөлхтний мэдэх ёстой зүйл энэ мөн. Бурханы хайрыг хүмүүс бид амсаж мэдээгүйгээсээ болж амьдралдаа маш олон буруу сонголт шийдвэрүүдийг гаргадаг. Зөвхөн энэ хайрын дүүргэж чадах зүрх сэтгэлийн хоосон орон зайг бид янз бүрийн буруу зүйлээр дүүргэх гэж зогсолтгүй чармайдаг. Бүр ч их харамсалтай зүйл нь, бидний ихэнх нь өөрсдийн энэ хэрэгцээгээ тодорхойлж чадаагүй, мэдээгүй явсаар байдаг.

Христ итгэгчид бид “Бурхан надад хайртай, намайг хайрладаг” гэдгийг дан ганц оюун ухаандаа мэдэх нь хангалттай биш юм. Үүнийг бид зүрх сэтгэлийнхээ гүнд хүлээн авч, итгэж үнэмших хэрэгтэй. Тийм учраас Апостол Иохан дээрх ишлэлд “Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг.” хэмээсэн. Учир нь Бурханы хайртай учирч, Бурханы хайрыг хүлээн авч, Бурханы хайранд итгэж үнэмшсэнээр бид энэ хайрын дотор амьдарч чадах бөгөөд Ариун Сүнсний хайр, амар тайван, баяр баясгалан, тэвчээр, өөрийгөө захирах чадвар зэрэг бүхий л сайн сайхан үр жимс бидний амьдралд хүчин чармайлт, хичээл зүтгэлгүйгээр аяандаа урган гарах боломжтой болдог.

Амьдрал асуудалгүй, бүх юм хүслээр сайхан байх үед Бурханы хайранд итгэж үнэмшин, бусдыг хайрлан, ерөөж амьдрах нь хялбар. Гэвч хэцүү асуудал, хүндрэл бэрхшээл тулгарах тэр үед ч бид Бурханы хайрыг дурсан санаж, итгэж үнэмших хэрэгтэй.

Хэдэн жилийн өмнө нэг найз маань “Би үргэлж уучлахыг сонгох болно” гэж хэлж билээ. Тэр үед би хувьдаа мөн адил “Их Эзэн минь миний бүх гэм нүглийг уучилж, надад хайраар тэвчээртэй ханддаг, тийм учраас би ч мөн үргэлж уучлахыг сонгох болно.” гэж шийдэж билээ.

Харин миний саяхан зүрх сэтгэлдээ Эзэнийхээ өмнө гэмшин шийдсэн өөр нэг зүйл бол “Би хэзээ ч дахин хэн нэгний, ялангуяа итгэлийн ахан дүүсийнхээ талаар сөрөг үг яриа,хов жив ярихгүй” гэсэн нь юм. Бидний эргэн тойрон, нийгэмд болохгүй бүтэхгүй, биднийг уурлуулж бухимдуулах зүйл олон бий. Гэвч энэ нь бусдыг муулах, тэдний талаар сөргөөр ярих шалтаг шалтгаан биш юм. Би Ертөнцийн Эзэнийхээ хайран дотор алхахыг хүсч байна. Учирч нь Түүний намайг хайрлах хайрыг би мэдэх бөгөөд энэ хайранд итгэдэг.

Энэ өдөр Бурханы таныг хайрлах хайрыг мэдэж, итгэж үнэмшин, Түүний хайраар өөрийгөө болон өрөөлийг хайрлан амьдраарай!

No comments: