Saturday, February 16, 2013

ГАЙХАМШИГТАЙ АМЬДРАЛ

2013 оны 2 сарын 16-ны Саббат цугларалтын сургаалаас:                    

Бидний дайсан болох адгийн муу ёрын сүнсний арга заль огтхон ч өөрчлөгдөөгүй. Эхлэл номны 3 дугаар бүлэгт тэрээр Адам, Ева хоёрыг уруу татсан шиг өнөөдөр ч мөн адил биднийг уруу татах гэж оролддог. Адгийн муу ёрын сүнс "Бурхан үнэхээр тэгэж хэлсэн гэж үү, Бурхан та нараас ямар нэгэн юм нууж байгаа юм. Бурхан та нарт хамаг сайныг хүсээгүй. Та нар Түүний хэлсэн шиг тийм ч онцгой хүмүүс биш" гэх мэт дуу хоолойгоор бидний үнэ цэнийг худал гуйвуулан уруу татдаг.
Шинэ Гэрээний Матай, Лукны 4 дүгээр бүлэгт ч мөн адил Есүсийг 40 өдрийн турш мацаг барьж дууссаны дараагаар ядарсан байхад нь адгийн муу ёрын сүнс "чи үнэхээр Бурханы хүү мөн юм бол" гэж Есүсийн хэн болохыг нь, үнэ цэнийг нь  тохуурхан байж уруу татах гэж оролддог. Мэдээж Есүс уруу таталтанд нь ороогүй.

Та Христэд итгэгч болохынхоо хувьд өнөөдөр адгийн муу ёрын сүнсний дуу хоолойг сонсохгүй, харин Бурханы хаанчлал дотор ялалттай, амжилттай амьдрах боломжтой гэдгээ мэдэх үү? Та Ариун Сүнсний зөвт байдал, амар тайван, баяр хөөрөөр дүүрэн алхах боломжтой. (Ром 14:17)

Учир нь та Христэд итгэснээр цоо шинэ бүтээл болсон. (2 Коринт 5:17) Та цоо шинэ сүнстэй болсон. Таны сүнс Ариун Сүнстэй нэгдсэн. (1 Коринт 6) Өмнө нь та Христэд итгэхээсээ өмнө гэм нүглийн боол байсан. Та Ариун Сүнсгүй харин бие махбодийнхоо бузар муу хүсэл тачааллын дагуу амьдарч байсан. Библид хэлсний дагуу та нүглийн биетэй байсан.  Христ таны нүглийн биеийг хүчингүй болгохын тулд таны хуучин хүн болох гэмт мөн чанарыг чинь авч, загалмайд цовдлогдсон. Энэ бол үнэн баттай баримт. Бурханы Үг үүнийг бидэнд заадаг. Ром 6:6д "хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг." Ром 6:17-18д "Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон." гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, та Адамын гэмээс болж гэм нүгэлтэн болсон боловч Есүс Христийн дуулгавартай байдлаас болж зөв хүн болсон. Таны хэн болох чинь бүрмөсөн өөрчлөгдсөн. Та бол зөвтгөгдсөн зөв хүн. Адгийн муу ёрын сүнс үүнийг мэддэг бөгөөд таныг зөвт хүн биш гэж харуулахын тулд танаар гэм нүгэл үйлдүүлэх гэж таныг уруу татдаг. Ингэхийн тулд эхлээд таны оюун санаа, бодолд чинь таны үнэ цэнийг алдагдуулах янз бүрийн худал бодол санааг шидэж, түүнийгээ таныг бодож байгаа мэтээр итгүүлэхийг хүсдэг. Харамсалтай нь бид үүнд нь итгэж хууртагддаг. Тэгээд өөрсдийгөө би яаж ингэж муу муухай зүйл бодож, уурлаж бухимдаж, атаархаж, үзэн ядан, зүхэж чадаж байна аа гэж бодон уучлаарай Их Эзэн минь намайг гэж гэмших нэг хэсэг нь байхад зарим нь үүнд бүүр автаж би л ийм хүн юм байна даа, би зөвт биш, миний зүрх сэтгэл буруу байна, би л болохгүй байна гээд Христ Их Эзэнийгээ алдаршуулах оюун бодол эргэцүүлэлтэй биш, харин би би би гэсэн өөрийгөө хянасан, өөртөө сэтгэл хангалуун бус, өөртэйгээ л холбоотой сэтгэхүйтэй болдог. Ийм үед бид бусдад ивээл ерөөл, урам зориг, баяр хөөр өгч чадахгүй, Ариун Сүнс ажиллах орон зайг нь тавьж өгч чадахгүй болдог.

Харин өнөөдөр бүгдээрээ нэгэн үнэнийг мэдэж адгийн муу ёрын сүнсний ингэж ажилладгийг нь бүр мөсөн зогсооцгооё. Энэ боломжтой юу? Үнэхээр боломжтой. Тэрээр ажлаа хийсэн хэвээр л байна. Харин та үүнийг огтхон ч ойшоохгүй. Учир нь өнөөдөр та үнэнийг мэдэж, үнэн таныг чөлөөлөх болно.

Та Христэд итгэхдээ дахин төрж, ямар ч гэмт мөн чанаргүй болсон. Та Христ дотор цоо шинэ бүтээл. Хуучин бүхэн өнгөрөн алга болсон. Өнөөдөр та цэвэр, ариун болсон. Таны өөрийгөө буруутгаж өөрийгөө голоход хүргэж байгаа тэдгээр бодлууд таных биш, муу ёрын сүнснийх. Тэрээр танд таны өөрийн чинь бодол мэт итгүүлдэг. Та зөв хүн болсныхоо хувьд өнөөдөр гэм нүгэл хийхгүй амьдарч чадна гэдгээ мэдэх үү. Библид хэлэхдээ таны биед гэм нүгэл ноёрхохгүй гэсэн. Та гэм хийх үү, яах уу гэдэг  дээр өөртэйгөө тулалддаг юм биш ээ. Энэ бол муу ёрын сүнсний уруу татлага. Адам, Ева хоёр гэм хийх үү яах уу гээд өөрсдөө гэнэт бодоод эхэлсэн үү. Үгүй ээ. Тэр бол муу нэгэний уруу татлага байсан. Танд өнөөдөр мэдээж гэм хийх чөлөөт сонголт, чадвар байгаа. Гэвч гэм хийх нь таны мөн чанар биш. Та бол зөвт хүн. Гэм хийх хүсэл танаас биш, харин муу нэгнээс юм. Бүү муу нэгэнд бууж өг. Та зөвт хүнийхээ хувьд, дээрээс дахин төрсөн хүнийхээ хувьд тэнгэрлэг оршихуйгаар амьдар. Учир нь энэ бол Тэнгэрлэг Эцэгийн чинь танд зориулсан хүсэл. Библид хэлэхдээ бид гэм нүгэлд үхсэн юм чинь цаашид хэрхэн гэм нүгэл дотор амьдрах вэ гэсэн. Мөн Галат 5:24д "Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон" гэсэн.

Би хувьдаа олон жил хэдий миний сүнс цэвэр ариун болж зөв болсон ч бие махбодь маань бузар муу учраас өөртэйгээ тэмцэлддэг хэмээн итгэж явсан. Та боддоо таны дотор хоёр хүн амьдарч байна гээд. Нэг нь сайныг хийхийг хүсдэг, нөгөө нь хийхийг хүсээгүй муу муухайгаа хийдэг. Та бас ийнхүү бодож итгэж, амьдарч байсан байж магад. Үнэндээ ингэж итгэж амьдрах бол нэг төрлийн галзуурал, ядаргаа, туйлдал юм. Ингэж амьдарч байгаа хүмүүс амар тайван, баяр хөөртэй, ялалттай амьдарна гэдэг үнэндээ хэцүү юм. Тиймээс элч Паулын Ром 7:18д "миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй." гэж хэлсэнд би итгэж сүнс минь цэвэр ч бие махбодь маань муу, ямар ч сайн юмгүй хэмээн бодож амьдарч байсан. Үнэндээ би үүнийг дутуу ойлгож байсан гэдгээ мэдсэн.  Учир нь өмнөх ишлэл буюу Ром 7:17д Паул хэлэхдээ ингэж үйлддэг нь би биш, харин миний дотор оршин байгч нүгэл үүнийг үйлддэг юм гэж хэлсэн. Харин Ром 8:3д "Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв." гэсэн. Та харж байна уу? Үнэндээ бидний дотор ажиллаж байсан, биднийг гэм нүгэлд боолчилж байсан тэр нүглийг Бурхан Өөрийн Хүүгийн бие дээр шийтгэсэн гэж байна. Тэгэхээр дээр хэлсний дагуу намайг гэм нүгэл хийлгэх оюун бодол, хүсэл, уруу татлага нь надаас биш юм. Учир нь би нүглийн биегүй болсон. Би анхны хүмүүс болох Адам, Ева хоёроос ч илүү дээр хүмүүс болсон. Учир нь надад Аруин Сүнс бий. Тиймээс өнөөдөр би нүглийн биегүй, би махан биеийн дагуу байгч бус, харин Сүнсний дагуу байгч болсон. ХаллэлуЯа!!! Ром 8:9д "Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна." Тийм учраас Галат 5:25д "Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая" гэсэн. Энэ бол үнэхээрийн гайхалтай!

Тэгвэл яаж хэрхэн Сүнсээр алхах вэ?  Та зөвт гэдэгтээ бүрэн итгэ, таны оюун бодол хүртэл зөвийг бодож сэтгэдэг. Танд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь бий. Энэ бүгдийг Христ бидний төлөө хийсэн. Та зөв байдлаа мэдэх тусам Христ таны төлөө юу хийснийг өөртөө сануулж байгаа юм. Иймээс таны оюун бодол, газар дээрх зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрнө. (Колоссай 3:2) Ийнхүү та Сүнсээр алхах болно. Есүс танд бялхсан амь амьдрал өгөхөөр ирсэн. Бурханы бидний төлөө хийсэн зүйл бол үнэхээр бүрэн төгс гүйцэт. Тэрээр Өөрийн Хүүгээ бидэнд өгөхдөө бүхнээ өгсөн юм. Тиймээс дахин хэзээ ч муу нэгэн үүнээс өөр зүйлийг танд шивнэхийг бүү зөвшөөр, бүү сонс.

Sunday, February 3, 2013

ЕСҮС ХРИСТ + ЮУ Ч БИШ = БҮХ ЮМ


/Өнгөрсөн Бямба гарагийн сургаалаас/

Есүс Христ таны амьдрал дахь бүх асуудал, асуултын ХАРИУЛТ.
Бурхан Өөрийн цорын ганц Хүү Есүсийг энэ хүн төрөлхтөнд өгөхдөө Өөрийн БҮХНЭЭ өгсөн юм.

Танд амар тайван хэрэгтэй байна уу?
Есүс Христ танд энэ дэлхийн өгч чадахгүй ер бусын амар тайвныг өгч чадна.
"Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай." Иохан 14:27

Таны гэр бүл асуудалтай байна уу?
Есүс Христ бол аз жаргалтай гэр бүлийн Төв ба Тэргүүн нь.
"Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд." Ефес 5:22,25

Таны бие мах бодь, зүрх сэтгэлд эдгэрэл хэрэгтэй байна уу?
Есүс Христ таныг бүрэн эдгээж, ер бусын эрүүл мэндийг өгч чадна.
"Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав." Исаиа 53:4, "Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ." 1 Петр 2:24

Танд мэргэн зөвлөмж, саруул оюун ухаан хэрэгтэй байна уу?
Есүс Христ бол Бурханаас бидэнд өгсөн жинхэнэ мэргэн ухаан.
"Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан" 1 Коринт 1:30

Та янз бүрийн айдас хүйдэс, санаа зовнил, муу зуршилд боолчлогдон байна уу? Есүс Христ танд жинхэнэ чөлөөлөлт, хүч чадлыг өгч чадна.
"Хүү [Христ] та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно." Иохан 8:36

Таны амьдрал санхүүгийн гачигдал, дутагдалтай байна уу?
Есүс Христ танд санхүүгийн эрх чөлөөг өгч чадна.
"Хэдийгээр Тэр [Есүс] баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ." 2 Коринт 8:9

Есүс Христ таны бүх асуудлын Хариулт. Үнэндээ танд Есүс Христ л хэрэгтэй. Түүний амар тайван, мэргэн ухаан, эдгэрэл ба чөлөөлөлт, ивээл сайн сайхныг Түүнгүйгээр та авах боломжгүй юм.

ЕСҮС ХРИСТ + ЮУ Ч БИШ = БҮХ ЮМ

"Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?" Ром 8:32

Хараагаа Есүс Христ дээр тавь. Тэр бол таны АВРАЛ.

Thursday, December 6, 2012

ГАЗРЫН ДАВС, ДЭЛХИЙН ГЭРЭЛ


Та бол газрын давс, дэлхийн гэрэл. (Матай 5:13-14)


Бидний Эзэн Есүс Христ Өөрийнхөө тухай өгүүлэхдээ Би бол хорвоогийн Гэрэл гэж хэлсэн. (Иохан 8.12) Тэрээр биднийг жинхэнэ үнэн бодит болзолгүй хайраар хайрласан. Тэрхүү хайраараа мөн биднийг бусдыг хайрла гэж тушаасан. (Иохан 13:34) Тийм учраас Их Эзэн маань хэлэхдээ дайснаа хүртэл хайрла, үзэн ядах биш, уучилж өршөөн, ивээж ерөө гэж тушаасан. (Матай 5:42-48) Та боддоо бидэнд буруу зүйл хийж, биднийг асар их зовлон шаналал, сэтгэлийн дарамтанд оруулсан тэдгээр дайсан мэт хүмүүсийг уучилж өршөөх нь битгий хэл, бүр ивээж ерөөнө гээд. Магадгүй яг одоо та тэдгээр хүмүүсийг дурсан санаж байгаа байх. Тэдгээр хүмүүс бидэнд ямар муу муухай зүйлс хийсэн гээч. Тэднийг бодохоор уур хүрч, үзэн ядалт, хорсол төрж, стресс болон бусад сөрөг бодол төсөөллүүд хэрхэн бий болдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. Тэдгээр хүмүүсийг ивээж ерөөн, тэдний төлөө залбирах нь байтугай, хараан зүхмээр санагдах үе байдаг. Яагаад ингэнэ вэ?

Үнэн юу вэ гэвэл нэгдүгээрт бид тэдгээр хүмүүсийг уучилж өршөөн, ивээж ерөөн, залбирч чадахгүй. Энэ бол ердийн хүнээс гарах мөн чанар биш юм. Хоёрт гэвэл эдгээр бүх сөрөг үр дагавар нь биднээс сайн сайхныг хулгайлж, алж сүйтгэдэг. Хэн юм шиг сонсогдож байна? Тийм, нөгөө л нэг хулгайч буюу муу ёрын сүнс. Үнэхээр тэрээр бидний амьдралд эдгээр үл уучлал, үзэн ядалт, шарх сэтгэлийн зовлонг дүүрэн байлгахыг хүсдэг бөгөөд үүгээр дамжуулан өөрийн муу муухай ажлаа хийж, биднийг ялалт амжилтгүй боолчлолд байлгахыг хүсдэг. Иймээс бид энэ хоёрыг сайн ойлгох нь чухал бөгөөд Их Эзэнрүүгээ хараагаа өргөх хэрэгтэй.

Их Эзэн маань биднийг хайрласан учраас Өөрийн амиа зориослосон. Тэрээр мөн биднийг Өөрийнхөө энэ хайран дотор байгаасай гэж хүсдэг.(Иохан 15:9) Бид бусдыг хайрлахаас урьд өөрсдийгөө хэр их хайрлагдсан болохоо ойлгож ухаарах ёстой. Иймээс Ариун Сүнс Их Эзэний хайрыг бидний зүрх сэтгэл, оюун бодолд илэрхийлэн таниулахад нь зөвшөөрөх хэрэгтэй.(Ром 5:5) Бид Ер бусын Аавынхаа өвөрт нь ойртох хэрэгтэй. Үүний дараа л бидэнд муу муухай зүйл хийсэн хүмүүсийг бид уучилж өршөөн, ивээж ерөөн, тэдний төлөө залбирч чадна. Үүгээрээ бид Бурханы хүүхдүүд гэдгээ харуулж байгаа юм. (Матай 5:45)



Их Эзэн минь Өөрөө энэ зүйлийг үнэндээ хийсэн. Тэрээр үүнийг яаж чадсан бэ? Бурхан Аавынхаа хайран дотор байж, Ариун Сүнсний хүч чадлаар. (Еврей 9:14) Тиймээс загалмай дээр эцсийн амьсгалаа хураахын өмнө Аав аа, эдгээр хүмүүсийг уучлаарай, тэд юу хийж байгаагаа мэдэхгүй хэмээн залбирсан юм. (Лук 23:34) Есүсийг үхлээс дахин амилан, тэнгэрт өргөмжлөгдсөний дараа бидний адил Христийн дагалдагч Стефен ч мөн үүнийг хийж чадсан. Түүнийг алахаар чулуу шидэтгээж байсан уур хилэн дүүрэн хүмүүсийг хараад Эзэн минь, тэдний гэм нүглийг бүү тооцоорой (Үйлс 2:60) хэмээн тэрээр Их Эзэнхийхээ адилаар залбирсан. Учир нь тэрээр өөрийгөө хэн болохоо мөн хэний хүч чадлаар амьд буйгаа мэдэж байсан юм.



Есүс 40 өдөр, 40 шөнө мацаг бариад туйлдаж ядарсан ч гэлээ муу нэгний дуу хоолойг сонсож, уруу таталтанд нь мэхлэгдэн гэм нүгэм үйлдээгүй. Учир нь Тэрээр Аавынхаа хайраар Өөрийгөө тэтгэж байсан юм. (Матай 3,4) Тиймээс та ч мөн адил энэ цаг мөчид Ер бусын Аавынхаа хайрыг дахин нэг зүрх сэтгэлдээ дүүргэн, тэдгээр хүмүүсийг уучлаарай. Тэрээр биднийг эхэлж хайрласан учраас бид өнөөдөр хайрладаг юм. (1 Иохан 4:19) Танаас гарах ер бусын энэ хайраар тань дэлхийн хүмүүс таныг өөр болохыг олж харах болно. Учир нь та ердийн бус, харин ер бусын амьдралаар амьдрахаар сонсогдсон онцгой нэгэн юм. Байгаль дэлхий хүртэл таныг ийнхүү амьдрахыг тэсэн ядан хүлээж байдаг. (Ром 8:21)



Та бол газрын давс, дэлхийн гэрэл мөн.