Saturday, February 16, 2013

ГАЙХАМШИГТАЙ АМЬДРАЛ

2013 оны 2 сарын 16-ны Саббат цугларалтын сургаалаас:                    

Бидний дайсан болох адгийн муу ёрын сүнсний арга заль огтхон ч өөрчлөгдөөгүй. Эхлэл номны 3 дугаар бүлэгт тэрээр Адам, Ева хоёрыг уруу татсан шиг өнөөдөр ч мөн адил биднийг уруу татах гэж оролддог. Адгийн муу ёрын сүнс "Бурхан үнэхээр тэгэж хэлсэн гэж үү, Бурхан та нараас ямар нэгэн юм нууж байгаа юм. Бурхан та нарт хамаг сайныг хүсээгүй. Та нар Түүний хэлсэн шиг тийм ч онцгой хүмүүс биш" гэх мэт дуу хоолойгоор бидний үнэ цэнийг худал гуйвуулан уруу татдаг.
Шинэ Гэрээний Матай, Лукны 4 дүгээр бүлэгт ч мөн адил Есүсийг 40 өдрийн турш мацаг барьж дууссаны дараагаар ядарсан байхад нь адгийн муу ёрын сүнс "чи үнэхээр Бурханы хүү мөн юм бол" гэж Есүсийн хэн болохыг нь, үнэ цэнийг нь  тохуурхан байж уруу татах гэж оролддог. Мэдээж Есүс уруу таталтанд нь ороогүй.

Та Христэд итгэгч болохынхоо хувьд өнөөдөр адгийн муу ёрын сүнсний дуу хоолойг сонсохгүй, харин Бурханы хаанчлал дотор ялалттай, амжилттай амьдрах боломжтой гэдгээ мэдэх үү? Та Ариун Сүнсний зөвт байдал, амар тайван, баяр хөөрөөр дүүрэн алхах боломжтой. (Ром 14:17)

Учир нь та Христэд итгэснээр цоо шинэ бүтээл болсон. (2 Коринт 5:17) Та цоо шинэ сүнстэй болсон. Таны сүнс Ариун Сүнстэй нэгдсэн. (1 Коринт 6) Өмнө нь та Христэд итгэхээсээ өмнө гэм нүглийн боол байсан. Та Ариун Сүнсгүй харин бие махбодийнхоо бузар муу хүсэл тачааллын дагуу амьдарч байсан. Библид хэлсний дагуу та нүглийн биетэй байсан.  Христ таны нүглийн биеийг хүчингүй болгохын тулд таны хуучин хүн болох гэмт мөн чанарыг чинь авч, загалмайд цовдлогдсон. Энэ бол үнэн баттай баримт. Бурханы Үг үүнийг бидэнд заадаг. Ром 6:6д "хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг." Ром 6:17-18д "Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон." гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, та Адамын гэмээс болж гэм нүгэлтэн болсон боловч Есүс Христийн дуулгавартай байдлаас болж зөв хүн болсон. Таны хэн болох чинь бүрмөсөн өөрчлөгдсөн. Та бол зөвтгөгдсөн зөв хүн. Адгийн муу ёрын сүнс үүнийг мэддэг бөгөөд таныг зөвт хүн биш гэж харуулахын тулд танаар гэм нүгэл үйлдүүлэх гэж таныг уруу татдаг. Ингэхийн тулд эхлээд таны оюун санаа, бодолд чинь таны үнэ цэнийг алдагдуулах янз бүрийн худал бодол санааг шидэж, түүнийгээ таныг бодож байгаа мэтээр итгүүлэхийг хүсдэг. Харамсалтай нь бид үүнд нь итгэж хууртагддаг. Тэгээд өөрсдийгөө би яаж ингэж муу муухай зүйл бодож, уурлаж бухимдаж, атаархаж, үзэн ядан, зүхэж чадаж байна аа гэж бодон уучлаарай Их Эзэн минь намайг гэж гэмших нэг хэсэг нь байхад зарим нь үүнд бүүр автаж би л ийм хүн юм байна даа, би зөвт биш, миний зүрх сэтгэл буруу байна, би л болохгүй байна гээд Христ Их Эзэнийгээ алдаршуулах оюун бодол эргэцүүлэлтэй биш, харин би би би гэсэн өөрийгөө хянасан, өөртөө сэтгэл хангалуун бус, өөртэйгээ л холбоотой сэтгэхүйтэй болдог. Ийм үед бид бусдад ивээл ерөөл, урам зориг, баяр хөөр өгч чадахгүй, Ариун Сүнс ажиллах орон зайг нь тавьж өгч чадахгүй болдог.

Харин өнөөдөр бүгдээрээ нэгэн үнэнийг мэдэж адгийн муу ёрын сүнсний ингэж ажилладгийг нь бүр мөсөн зогсооцгооё. Энэ боломжтой юу? Үнэхээр боломжтой. Тэрээр ажлаа хийсэн хэвээр л байна. Харин та үүнийг огтхон ч ойшоохгүй. Учир нь өнөөдөр та үнэнийг мэдэж, үнэн таныг чөлөөлөх болно.

Та Христэд итгэхдээ дахин төрж, ямар ч гэмт мөн чанаргүй болсон. Та Христ дотор цоо шинэ бүтээл. Хуучин бүхэн өнгөрөн алга болсон. Өнөөдөр та цэвэр, ариун болсон. Таны өөрийгөө буруутгаж өөрийгөө голоход хүргэж байгаа тэдгээр бодлууд таных биш, муу ёрын сүнснийх. Тэрээр танд таны өөрийн чинь бодол мэт итгүүлдэг. Та зөв хүн болсныхоо хувьд өнөөдөр гэм нүгэл хийхгүй амьдарч чадна гэдгээ мэдэх үү. Библид хэлэхдээ таны биед гэм нүгэл ноёрхохгүй гэсэн. Та гэм хийх үү, яах уу гэдэг  дээр өөртэйгөө тулалддаг юм биш ээ. Энэ бол муу ёрын сүнсний уруу татлага. Адам, Ева хоёр гэм хийх үү яах уу гээд өөрсдөө гэнэт бодоод эхэлсэн үү. Үгүй ээ. Тэр бол муу нэгэний уруу татлага байсан. Танд өнөөдөр мэдээж гэм хийх чөлөөт сонголт, чадвар байгаа. Гэвч гэм хийх нь таны мөн чанар биш. Та бол зөвт хүн. Гэм хийх хүсэл танаас биш, харин муу нэгнээс юм. Бүү муу нэгэнд бууж өг. Та зөвт хүнийхээ хувьд, дээрээс дахин төрсөн хүнийхээ хувьд тэнгэрлэг оршихуйгаар амьдар. Учир нь энэ бол Тэнгэрлэг Эцэгийн чинь танд зориулсан хүсэл. Библид хэлэхдээ бид гэм нүгэлд үхсэн юм чинь цаашид хэрхэн гэм нүгэл дотор амьдрах вэ гэсэн. Мөн Галат 5:24д "Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон" гэсэн.

Би хувьдаа олон жил хэдий миний сүнс цэвэр ариун болж зөв болсон ч бие махбодь маань бузар муу учраас өөртэйгээ тэмцэлддэг хэмээн итгэж явсан. Та боддоо таны дотор хоёр хүн амьдарч байна гээд. Нэг нь сайныг хийхийг хүсдэг, нөгөө нь хийхийг хүсээгүй муу муухайгаа хийдэг. Та бас ийнхүү бодож итгэж, амьдарч байсан байж магад. Үнэндээ ингэж итгэж амьдрах бол нэг төрлийн галзуурал, ядаргаа, туйлдал юм. Ингэж амьдарч байгаа хүмүүс амар тайван, баяр хөөртэй, ялалттай амьдарна гэдэг үнэндээ хэцүү юм. Тиймээс элч Паулын Ром 7:18д "миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй." гэж хэлсэнд би итгэж сүнс минь цэвэр ч бие махбодь маань муу, ямар ч сайн юмгүй хэмээн бодож амьдарч байсан. Үнэндээ би үүнийг дутуу ойлгож байсан гэдгээ мэдсэн.  Учир нь өмнөх ишлэл буюу Ром 7:17д Паул хэлэхдээ ингэж үйлддэг нь би биш, харин миний дотор оршин байгч нүгэл үүнийг үйлддэг юм гэж хэлсэн. Харин Ром 8:3д "Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв." гэсэн. Та харж байна уу? Үнэндээ бидний дотор ажиллаж байсан, биднийг гэм нүгэлд боолчилж байсан тэр нүглийг Бурхан Өөрийн Хүүгийн бие дээр шийтгэсэн гэж байна. Тэгэхээр дээр хэлсний дагуу намайг гэм нүгэл хийлгэх оюун бодол, хүсэл, уруу татлага нь надаас биш юм. Учир нь би нүглийн биегүй болсон. Би анхны хүмүүс болох Адам, Ева хоёроос ч илүү дээр хүмүүс болсон. Учир нь надад Аруин Сүнс бий. Тиймээс өнөөдөр би нүглийн биегүй, би махан биеийн дагуу байгч бус, харин Сүнсний дагуу байгч болсон. ХаллэлуЯа!!! Ром 8:9д "Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна." Тийм учраас Галат 5:25д "Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая" гэсэн. Энэ бол үнэхээрийн гайхалтай!

Тэгвэл яаж хэрхэн Сүнсээр алхах вэ?  Та зөвт гэдэгтээ бүрэн итгэ, таны оюун бодол хүртэл зөвийг бодож сэтгэдэг. Танд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь бий. Энэ бүгдийг Христ бидний төлөө хийсэн. Та зөв байдлаа мэдэх тусам Христ таны төлөө юу хийснийг өөртөө сануулж байгаа юм. Иймээс таны оюун бодол, газар дээрх зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрнө. (Колоссай 3:2) Ийнхүү та Сүнсээр алхах болно. Есүс танд бялхсан амь амьдрал өгөхөөр ирсэн. Бурханы бидний төлөө хийсэн зүйл бол үнэхээр бүрэн төгс гүйцэт. Тэрээр Өөрийн Хүүгээ бидэнд өгөхдөө бүхнээ өгсөн юм. Тиймээс дахин хэзээ ч муу нэгэн үүнээс өөр зүйлийг танд шивнэхийг бүү зөвшөөр, бүү сонс.

No comments: