Thursday, December 6, 2012

ГАЗРЫН ДАВС, ДЭЛХИЙН ГЭРЭЛ


Та бол газрын давс, дэлхийн гэрэл. (Матай 5:13-14)


Бидний Эзэн Есүс Христ Өөрийнхөө тухай өгүүлэхдээ Би бол хорвоогийн Гэрэл гэж хэлсэн. (Иохан 8.12) Тэрээр биднийг жинхэнэ үнэн бодит болзолгүй хайраар хайрласан. Тэрхүү хайраараа мөн биднийг бусдыг хайрла гэж тушаасан. (Иохан 13:34) Тийм учраас Их Эзэн маань хэлэхдээ дайснаа хүртэл хайрла, үзэн ядах биш, уучилж өршөөн, ивээж ерөө гэж тушаасан. (Матай 5:42-48) Та боддоо бидэнд буруу зүйл хийж, биднийг асар их зовлон шаналал, сэтгэлийн дарамтанд оруулсан тэдгээр дайсан мэт хүмүүсийг уучилж өршөөх нь битгий хэл, бүр ивээж ерөөнө гээд. Магадгүй яг одоо та тэдгээр хүмүүсийг дурсан санаж байгаа байх. Тэдгээр хүмүүс бидэнд ямар муу муухай зүйлс хийсэн гээч. Тэднийг бодохоор уур хүрч, үзэн ядалт, хорсол төрж, стресс болон бусад сөрөг бодол төсөөллүүд хэрхэн бий болдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх. Тэдгээр хүмүүсийг ивээж ерөөн, тэдний төлөө залбирах нь байтугай, хараан зүхмээр санагдах үе байдаг. Яагаад ингэнэ вэ?

Үнэн юу вэ гэвэл нэгдүгээрт бид тэдгээр хүмүүсийг уучилж өршөөн, ивээж ерөөн, залбирч чадахгүй. Энэ бол ердийн хүнээс гарах мөн чанар биш юм. Хоёрт гэвэл эдгээр бүх сөрөг үр дагавар нь биднээс сайн сайхныг хулгайлж, алж сүйтгэдэг. Хэн юм шиг сонсогдож байна? Тийм, нөгөө л нэг хулгайч буюу муу ёрын сүнс. Үнэхээр тэрээр бидний амьдралд эдгээр үл уучлал, үзэн ядалт, шарх сэтгэлийн зовлонг дүүрэн байлгахыг хүсдэг бөгөөд үүгээр дамжуулан өөрийн муу муухай ажлаа хийж, биднийг ялалт амжилтгүй боолчлолд байлгахыг хүсдэг. Иймээс бид энэ хоёрыг сайн ойлгох нь чухал бөгөөд Их Эзэнрүүгээ хараагаа өргөх хэрэгтэй.

Их Эзэн маань биднийг хайрласан учраас Өөрийн амиа зориослосон. Тэрээр мөн биднийг Өөрийнхөө энэ хайран дотор байгаасай гэж хүсдэг.(Иохан 15:9) Бид бусдыг хайрлахаас урьд өөрсдийгөө хэр их хайрлагдсан болохоо ойлгож ухаарах ёстой. Иймээс Ариун Сүнс Их Эзэний хайрыг бидний зүрх сэтгэл, оюун бодолд илэрхийлэн таниулахад нь зөвшөөрөх хэрэгтэй.(Ром 5:5) Бид Ер бусын Аавынхаа өвөрт нь ойртох хэрэгтэй. Үүний дараа л бидэнд муу муухай зүйл хийсэн хүмүүсийг бид уучилж өршөөн, ивээж ерөөн, тэдний төлөө залбирч чадна. Үүгээрээ бид Бурханы хүүхдүүд гэдгээ харуулж байгаа юм. (Матай 5:45)



Их Эзэн минь Өөрөө энэ зүйлийг үнэндээ хийсэн. Тэрээр үүнийг яаж чадсан бэ? Бурхан Аавынхаа хайран дотор байж, Ариун Сүнсний хүч чадлаар. (Еврей 9:14) Тиймээс загалмай дээр эцсийн амьсгалаа хураахын өмнө Аав аа, эдгээр хүмүүсийг уучлаарай, тэд юу хийж байгаагаа мэдэхгүй хэмээн залбирсан юм. (Лук 23:34) Есүсийг үхлээс дахин амилан, тэнгэрт өргөмжлөгдсөний дараа бидний адил Христийн дагалдагч Стефен ч мөн үүнийг хийж чадсан. Түүнийг алахаар чулуу шидэтгээж байсан уур хилэн дүүрэн хүмүүсийг хараад Эзэн минь, тэдний гэм нүглийг бүү тооцоорой (Үйлс 2:60) хэмээн тэрээр Их Эзэнхийхээ адилаар залбирсан. Учир нь тэрээр өөрийгөө хэн болохоо мөн хэний хүч чадлаар амьд буйгаа мэдэж байсан юм.



Есүс 40 өдөр, 40 шөнө мацаг бариад туйлдаж ядарсан ч гэлээ муу нэгний дуу хоолойг сонсож, уруу таталтанд нь мэхлэгдэн гэм нүгэм үйлдээгүй. Учир нь Тэрээр Аавынхаа хайраар Өөрийгөө тэтгэж байсан юм. (Матай 3,4) Тиймээс та ч мөн адил энэ цаг мөчид Ер бусын Аавынхаа хайрыг дахин нэг зүрх сэтгэлдээ дүүргэн, тэдгээр хүмүүсийг уучлаарай. Тэрээр биднийг эхэлж хайрласан учраас бид өнөөдөр хайрладаг юм. (1 Иохан 4:19) Танаас гарах ер бусын энэ хайраар тань дэлхийн хүмүүс таныг өөр болохыг олж харах болно. Учир нь та ердийн бус, харин ер бусын амьдралаар амьдрахаар сонсогдсон онцгой нэгэн юм. Байгаль дэлхий хүртэл таныг ийнхүү амьдрахыг тэсэн ядан хүлээж байдаг. (Ром 8:21)



Та бол газрын давс, дэлхийн гэрэл мөн. 

No comments: