Wednesday, March 20, 2013
МӨХӨС БАЙДАЛ МААНЬ БУРХАНЫ ХҮЧ ЧАДАЛ БОЛЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ
9 Тэр надад "Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно" гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ.
10 Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг. - 2 Коринт 10:9-10
Танд өнөөдөр мөхөс байдал бий юу? Та мөхөс байдлаараа сайрхаж, мөхөс байдал дотроо баяртай байж чадна гэдгийг мэдэх үү?
Элч Паулд Их Эзэн гайхамшигтай нэгэн нууцыг хэлж өгсөн. Энэ юу вэ гэвэл Бурханы хүч чадал бидний мөхөс байдал дотор бүрэн төгс болдог. Өөрөөр хэлбэл, бидний мөхөс байдал Бурханы жинхэнэ төгс хүч чадлаар хучигдан өөрчлөгддөг гэсэн үг.
Яаж? Та мөхөс байдлаа хүлээн зөвшөөр. Бүү нуун далдлах гэж, эсвэл өөрийн хүчин чармайлтаараа хүчирхэг болох гэж оролд.
"Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг." - 2 Коринт 4:7
Бид бол шавар савнууд. Харин бид өөрсдийн дотроо жинхэнэ Баялаг болох Христийг тээдэг. Бидний дотор байгаа Нэгэн бол энэ дэлхийд байгаа нэгнээс агуу.
Бид мөхөс байдлаа хүлээн зөвшөөрч, Их Эзэнээ түшснээр Түүний хүч бүрэн төгс бидний амьдралд хэрэгжих боломжтой. Тийм учраас бид залбирдаг. Бид бүгдийг чадахгүй, мэдэхгүй, сул дорой, мөхөс учраас Эзэн Бурхандаа хандан залбирдаг. Энэ үед би биш, харин Христ, Түүний хүч чадал миний амьдралд ажиллах болно. Тэгээд бүх талархал магтаалыг бид Бурхан Аавдаа өгөх болно.
Бүгдээрээ мөхөс сул дорой байдлаа нуун далдлах биш, үүнээсээ болж өөрсдийгөө өөлж голох биш, харин тэдгээрийг Бурханы жинхэнэ хүч чадал болгон өөрчилцгөөе. Бүгдээрээ үүний утга учрыг одоо ойлгосон болохоор урьд урьдынхаасаа илүүтэйгээр гуйлт залбиралтайгаар Бурхан Эцэгийнхээ өмнө очицгооё. Бидний амьдралд Түүний жинхэнэ хүч чадал ажиллахын төлөө залбирцгаая. Түүнд итгэж, найдаж, даатгаж, ер бусын амьдарлаар амьдарцгаая.
Бид бол Христийн жинхэнэ дагалдагчид.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment