Sunday, March 17, 2013

ТАНЫ ХҮСДЭГ АМЬДРАЛ

2013 оны 3 сарын 16-ны өдрийн сургаалаас:

"Би бол Төгс Хүчит Бурхан.
Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун." - Эхлэл 17:1

Энэхүү ишлэлийг олон удаа уншихдаа Их Эзэн маань намайг Өөрийнх нь өмнө гэм зэмгүй яваасай гэж хүсдэг юм байна. Гэвч би хэрхэн үүнийг хийх вэ гэж өөрөөсөө их асуудаг байж билээ. Учир нь бид төгс биш учраас алдаа эндэгдэл гаргадаг, гэм нүгэл үйлддэг. Мэдээж жинхэнэ дээрээс төрсөн Есүс Христэд итгэгч хүн гэм нүглийг байнга өөрийн хүсэл тэмүүлэлтэй санаатай үйлдэх нь үгүй. Учир нь бидний дотор бүрэн өөрчлөлт явагдсан. Бид Их Эзэнднээ таалагдан амьдрахыг эрмэлздэг. Харамсалтай нь, хааяа бид бүдрэх үе байдаг бөгөөд үүнээсээ болж Их Эзэнийхээ өмнө гэм зэмгүй алхаж чадахгүй байна хэмээн өөрсдийгөө харах үе зөндөө байдаг.

Харин Ариун Сүнс энэ ишлэлийг юу гэж хэлсэн болохыг нь харуулсан юм. Их Эзэн маань биднийг Өөртэй нь амар тайван эрүүл сайхан дотно харилцаатай байгаасай хэмээн хүсдэг. Гэвч үүнд саад болох зүйл нь бид өөрсдөө. Бид өөрсдийн гэм нүглээсээ, алдаа дутагдалаасаа болоод Их Эзэндээ ойртож чаддаггүй. Тийм учраас энэ ишлэлд Их Эзэн маань "Та нар гэм зэмгүй байж Миний өмнө алх" гэж хэлээгүй. Харин юу ч болж байсан Өөрийнх өмнө алх. Эзэн Бурхантай хамт алх. Учир нь ийнхүү Их Эзэнтэйгээ алхах үед Түүний мэлмийн өмнө бид гэм зэмгүй байдаг гэдгийг харуулж байна. Тиймээс "Чи Миний өмнө яв, тэгээд гэм зэмгүй бай" гэсэн.

Үнэхээр бид Шинэ Гэрээний Ервей номноос үүнийг мөн маш тодорхой харж болно. Ервей номны уншигчиддаа хүргэх гэсэн гайхамшигт үнэт шигтгээ мэт илчлэлт илэрхийллүүдээс хамгийн гол санаа нь Түүний хаан ширээний өмнө айх айдас, эмээлтгүйгээр зоригтойгоор нээлттэйгээр ОЙРТОН оч гэж байгаа мэт. Энэ маань бидний хувьд Есүс Христийн үхэл, амилалтаас болж боломжтой болсон. Учир нь Есүс Христ бид бүгдийн бүх гэм нүглийн цагаатгалыг хийгээд Бурхан Эцэгийнхээ баруун гарт суусан. Бурхан Эцэг биднийг харахдаа Өөрийн Хүүгийн зөвт байдал дотор хардаг. Учир нь Есүс Христ биднийг төлөөлөн Түүний баруун гарт суусан Тэргүүн Тахилч юм. Тиймээс бид Бурхантайгаа хамт алхахад бидний дээр ямарч гэм нүглийн ул мөр байхгүй юм. Учир нь бид үүрд зөвтгөгдсөн. Биднийг Өөртэйгөө алхуулахын тулд Бурхан Өөрийн Хүүгээ өгөхөөс буцаагүй. Та Түүний хувьд тийм их үнэ цэнэтэй. Та Бурхан уруу ойртон ирэхэд өнөөдөр ямар ч саад тотгор үгүй.

Хайрлагдсан хүмүүс ээ, бүгдээрээ Бурхантайгаа улам ойр дотно алхацгаая. Тэгээд бид үргэлж гэм зэмгүй байх болно. Бидний хараа Их Эзэн дээр байгаа цагт бид хэзээ ч буруутгагдахгүй, ямар ч гэм нүглийн толбо мөргүй байх болно. Хараа маань өөр зүйл дээр байх үед гэм нүглийн үр дагавар, хор уршиг, буруутгал, гологдол биднийг нөмөрдөг юм. Тэнгэрлэг Эцэгийнхээ өвөрт ойртон очицгооё. Тэрээр таныг Өөр дээр нь ирэхийг, Өөртэй нь хамт алхахыг хүлээж байна.

No comments: