Thursday, April 29, 2010

Мөнхийн Эзэний амласан амралт / God's promised rest

2010 оны 4 сарын 29-ний Пүрэв гараг. Дөнгөж түрүүхэн гэртээ сүмийнхээ Библи судлал, гуйлт-аас орж ирлээ.

Их Эзэний хүмүүстэй хамтдаа цуглаад, Түүний оршихуйд байх үргэлж үнэхээрийн гайхамшигтай. Түүний оршихуй бидний дунд байгаа нь гарцаагүй мэдэгдэхэд бидэнд эдгэрэл, амар тайван, баяр хөөр, хайр энэрэл нь бялхаж, Христийн бидний төлөө байгуулсан ялалт бидний амьдралд бодитой болдог. Үүнийг энэ дэлхийн хаана ч бид олж амсаж, мэдэрч мэдэж чадахгүй. Энэ зөвхөн хаадын Хаан, эздийн Эзэн Есүс Христийн ер бусын оршихуйд л боломжтой. Ямар ч нэр алдар, эд баялаг, танил тал хэзээ ч үүнийг худалдан авч эсвэл бий болгож чадахгүй.

Миний бодлоор Апостоль Пууль үүнийг сайн мэддэг байсан бөгөөд үргэлж Их Эзэний оршихуйгаар дүүрэн байдаг байсан учраас Ромын хүйтэн, харанхуй, чулуун шоронгийн нүхэнд хоригдож байхдаа ч гартаа үзгээ барьж, Филиппой хотын Христэд итгэгч нарт хандан захилдалдаа "Их Эзэн дотор үргэлж баярла. Би дахин хэлье. Баярлагтун!" (Филиппой 4:4) гэж бичиж чадсан.

Хүүгийнх нь Сүнсийг хүлээж авч, "Аав аа, Эцэг минь" хэмээн Хамгийн Дээд Нэгэнийг дуудах болсон хайрлагдсан хүүхдүүд ээ, үргэлж бидэнтэй хамт байхаа амласан Ариун Нэгэний оршихуйг өдөр тутмын амьдралдаа хүндэтгэн дээдэлж, мэдэрч амьдарахад хамтдаа суралцацгаая!  

Өнөөдрийн Библи судлалаар бид Шинэ Гэрээний Ервей номны 4 дүгээр бүлгээс Мөнхийн Эзэний амралтын талаар судалсан бөгөөд гэртээ ирээд имайл-ээ шалгах зуураа David Wilkerson Пасторын өнөөдрийн Devotional-ийн гарчигийг олж хартал "Мөнхийн Эзэний амласан амралт" гэсэн байв. Нээгээд унштал бидний өнөөдрийн ярьсан, судалсан, сурсан зүйлстэй холбоотой нийтлэл байгааг хараад сонирхолтой санагдсан учраас блог-тоо орчуулан тавилаа. Цаг гаргаж уншаарай. Таныг ивээх болно.

David Wilkerson Пасторын өнөөдрийн Devotional
2010 оны 4 сарын 29-ний Пүрэв гараг
Мөнхийн Эзэний амласан амралт

"Тэгэхлээр Мөнхийн Эзэний хүмүүст амралт үлддэг. Учир нь Мөнхийн Эзэн Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм." (Еврей 4:9-10) (өөрийн орчуулга).

Та магадгүй "Түүний амласан амралт уруу орно гэж юу гэсэн үг вэ? Миний амьдралд энэ нь яаж харагдах вэ?" гэж бодож болох юм. Мөнхийн Эзэн бидний нүднээс хайрсийг маань авч, үүнийг ойлгуулаасай хэмээн би гуйж байна. Энгийнээр хэлэхэд, Түүний амласан амралт уруу орно гэдэг нь Христ таны төлөө авралын бүх ажлыг хийсэн гэдэгт та бүрэн дүүрэн итгэж найдна гэсэн үг юм.  Та Түүний авралын энэрэл нигүүлсэлд итгэж амрах хэрэгтэй гэсэн үг.

Ийм учраас Есүс "Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье." (Матай 11:28) гэж хэлсэн. Энэ нь амар тайвныг олох гэсэн хүний өөрийн бүх оролдлого, хүчин чармайлт дуусгавар болж, Есүсийн таны төлөө хийсэн ажилд бүрэн гүйцэт түшиж тулна гэсэн үг юм.

Бидний тулаан бие мах бод, цусны эсрэг биш, харин нь сүнслэг орчинд болдог. Хуучин Гэрээ үүнийг тодоос тод харуулдаг. Изриальчууд Мөнхийн Эзэнд "Бид Танд үйчлэхийг хүсч байна Их Эзэн минь, Таны тушаасан болгоныг бид биелүүлнэ." хэмээн дэмий хоосон амлалтуудыг дахин дахин өгч байсан. Харин түүх тэднийг хэлсэндээ хүрэх зүрх ч үгүй, чадвар ч үгүй гэдгийг нотлон харуулсан билээ. Мөнхийн Эзэн тэдний өөрсөддөө итгэх итгэлийг үгүй хийх хэрэгтэй байсан. Учир нь бидэнд хэрэгтэй бүхэн нандин Их Эзэний минь оршихуйгаас ирэх ёстой.

Пууль хэлэхдээ "бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог." (Үйлс 17:28) гэсэн. Энэ нь зогсолтгүй байнгын харилцаа, нөхөрлөлийг илтгэж байна. Загалмай дээр байгуулсан ялалтаар дамжуулан Их Эзэн маань бидэнд Өөрийгөө өдөр, шөнийн аль ч цагт боломжтой болгосон. Иймд бид "Би амьдралдаа Христийг байлгахыг хүсч байна. Би бүх бие мах бодын буюу өөрийн оролдлого, хүчин чармайлтаас чөлөөлөгдөхийг хүсч байна. Иймээс би Түүний оршихуй уруу урагш тэмүүлж, өөрийн өв хөрөнгөө авах болно. Би Есүсийг миний бүх зүйл, миний сэтгэл ханамжийн цорын ганц эх үүсвэр минь байгаасай гэж хүсч байна." хэмээн шийдэх хэрэгтэй.             

No comments: