Friday, February 22, 2013

ХРИСТИТГЭЛТ ХҮМҮҮС ХАМТДАА

‎"23 Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. 24 Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя.
25 Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя." Еврей 10-23:25

Одоогоос 10 жилийн өмнөх Христитгэлт амьдралаа эргэн дурсвал итгэгч найз нөхөдтэйгээ байнга уулзаж, нөхөрлөж хамтдаа сайхан цагуудыг өнгөрөөдөг байлаа. Тэр бух уулзалтуудын гол цөм нь бидний Аврагч болоод Их Эзэн Есүс Христ байсан юм. Олон цагаар бид хамтдаа нөхөрлөн байхдаа сайхан хооллож, тоглоом тогтлож, бур шөнөжин хуртэл Есүсийн тухай ярьж, Түүнтэй холбоотой жужиг драмм зохион бие биедээ толилуулж байснаа одоо тодхон санаж байна. Тийм ч учраас бидний сүнслэг өсөлт маш сайн байсан. Хүнд хэцүү байдалд байгаа нэгнийгээ тусалж дэмжиж, нэг нэгнийхээ итгэлийн амьдралаар урам зориг авч, бие биенээ хурцалж явсан сайхан нөхөрлөлүүдээ дурсан санахад одоо Их Эзэндээ талархан байхын сацуу мөн гуниг харуусал сэтгэлд минь торох шиг. Учир нь хамтдаа байсан Их Эзэн доторх сайхан анд нөхөд, ахан дүүсийн маань зарим нь өнөөдөр хамт байхгуй байгаад мөн зарим нь Их Эзэнээсээ холдон явсныг харахад гунигтай... Өнгөрсөн 10аад жилд бид бугдийн амьдралд маш олон зуйл тохиолдсон нь мэдээж. Гэвч амьдралд юу ч тохиолдсон Христитгэлт хүмүүс бид Их Эзэнээсээ зуурсан байх нь чухал. Үүнийг хэрэгжуулэх нэг чухал зүйл нь бид юу ч болж байсан хамтдаа байх.

Дээрх ишлэлд бидний Их Эзэн Итгэмжит учраас өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрөл буюу тунхагаа бат баримталцгаая хэмээн биднийг уриалсан байна. Бид хэзээ нэгэн цагт Их Эзэнтэй уулзаж, мөнх амьдрах нь бидэнд байгаа найдвар билээ. Энэхуу найдвараас бид гуйвж болохгуй. Энэ найдвараа алдахгуй, өмнөө байнга байлган бат сахихын тулд бид бие биенээ хайр болон сайн үйлсэд урамшуулахад анхаарч зориудаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн үг юм. Үүнийг бид хамтдаа байж байж л хэрэгжүүлж чадна. Иймд 25 дугаар ишлэлд нөгөө өдөр ойртож буйг харах тусам хамтдаа цуглаж байхыг уриалсан байна. Учир нь зарим хүмүүс хамтдаа цуглахаа больж энэ нь бүр зуршил болсон байна. Энэ бол харамсалтай явдал. Есүс Христ энэ дэлхийд хоёр дахиа эргэн ирэх өдөр бол нөгөө өдөр юм. Хэдий Библи Их Эзэнийг чухам аль өдөр ямар цагт ирэхийг хэлээгуй ч Түүний ирэхийн өмнөх үеийн шинж тэмдэгүүд урьд урьдынхаас ч илүү одоогийн бидний амьдарч буй цагт илэрхий тод болсон. Иймээс бид хамтдаа цуглах нь амин чухал.

"19 Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. 
20 Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав." Матай 18:19-20

Бид хамтдаа цуглахад Их Эзэн бидэнтэй хамт байдаг учраас бидний хамтдаа байн нөхөрлөх цаг мөч маш нандин, ер бусын байдаг. Түүний оршихуй юутай ч зүйрлэшгуй, юугаар солишгуй. Тэнд ер бусын амар тайван, баяр хөөр, эдгэрэл, мэргэн ухаан, Ариун Сунсний удирдамж чиглүүлэг бидний төлөө оршин байдаг. Дээрээс нь бид хамтдаа байсан цагт л дээрх Матай 18:19 дүгээр ишлэлийг биелүүлэх, мөн үр дүнг нь харах боломжтой. Тэгэхээр бид хамт байх нь Их Эзэний хүсэл юм. 

"Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ." 1 Иохан 1:7

Хамтдаа байж нөхөрлөхийн бас нэгэн гайхамшигт үнэнийг энд хэлсэн байна. Бидний Эзэн Гэрэл. Бид мөн адил Гэрэл дотор байдаг гэрэл. Үүний илрэл нь бидний хамтдаа нөхөрлөн байгаагаар харагддаг. Ингэж бид гэрлийн дотор явж, бие биентэйгээ нөхөрлөхөд Христийн цус биднийг бүх гэмээс цэвэрлэн угааж байдаг. Үнэхээрийн гайхалтай. 

Анхны чуулган байнга цугладаг байсан. 

"42 Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.
46 Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон 
47 Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа." Уйлс 2:42, 46-47

Дээрх ишлэлүүд анхны чуулган хэрхэн цугладаг байсныг харуулж байна. Тэд сүмдээ цуглахаас гадна айлуудад буюу нэг нэгнийдээ цуладаг байсан байна. Христийн дагалдагч болох бидний гол уурэг бол бусдыг дагалдагч болгох явдал билээ. Үүнийг бид мөн хамтдаа байж байж л хийж чадна. 47 дугаар ишлэлд 'Эзэн тэдэн дээр аврагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа' гэсэн байна. Иймээс Христийн дагалдагчид болох бид эдгээр эцсийн өдрүүдэд Их Эзэнийхээ нэр дээр хамтдаа цуглахаа болилгуй хамтдаа байснаар бие биенээ хайр болон сайн үйлсэд урамшуулан, найдвараа бат баримталцгаая. Ийнхүү Эзэн бидэн дээр аврагсдын тоог өдрөөс өдөрт нэмэх болно. Амен.

Saturday, February 16, 2013

ГАЙХАМШИГТАЙ АМЬДРАЛ

2013 оны 2 сарын 16-ны Саббат цугларалтын сургаалаас:                    

Бидний дайсан болох адгийн муу ёрын сүнсний арга заль огтхон ч өөрчлөгдөөгүй. Эхлэл номны 3 дугаар бүлэгт тэрээр Адам, Ева хоёрыг уруу татсан шиг өнөөдөр ч мөн адил биднийг уруу татах гэж оролддог. Адгийн муу ёрын сүнс "Бурхан үнэхээр тэгэж хэлсэн гэж үү, Бурхан та нараас ямар нэгэн юм нууж байгаа юм. Бурхан та нарт хамаг сайныг хүсээгүй. Та нар Түүний хэлсэн шиг тийм ч онцгой хүмүүс биш" гэх мэт дуу хоолойгоор бидний үнэ цэнийг худал гуйвуулан уруу татдаг.
Шинэ Гэрээний Матай, Лукны 4 дүгээр бүлэгт ч мөн адил Есүсийг 40 өдрийн турш мацаг барьж дууссаны дараагаар ядарсан байхад нь адгийн муу ёрын сүнс "чи үнэхээр Бурханы хүү мөн юм бол" гэж Есүсийн хэн болохыг нь, үнэ цэнийг нь  тохуурхан байж уруу татах гэж оролддог. Мэдээж Есүс уруу таталтанд нь ороогүй.

Та Христэд итгэгч болохынхоо хувьд өнөөдөр адгийн муу ёрын сүнсний дуу хоолойг сонсохгүй, харин Бурханы хаанчлал дотор ялалттай, амжилттай амьдрах боломжтой гэдгээ мэдэх үү? Та Ариун Сүнсний зөвт байдал, амар тайван, баяр хөөрөөр дүүрэн алхах боломжтой. (Ром 14:17)

Учир нь та Христэд итгэснээр цоо шинэ бүтээл болсон. (2 Коринт 5:17) Та цоо шинэ сүнстэй болсон. Таны сүнс Ариун Сүнстэй нэгдсэн. (1 Коринт 6) Өмнө нь та Христэд итгэхээсээ өмнө гэм нүглийн боол байсан. Та Ариун Сүнсгүй харин бие махбодийнхоо бузар муу хүсэл тачааллын дагуу амьдарч байсан. Библид хэлсний дагуу та нүглийн биетэй байсан.  Христ таны нүглийн биеийг хүчингүй болгохын тулд таны хуучин хүн болох гэмт мөн чанарыг чинь авч, загалмайд цовдлогдсон. Энэ бол үнэн баттай баримт. Бурханы Үг үүнийг бидэнд заадаг. Ром 6:6д "хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг." Ром 6:17-18д "Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон." гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, та Адамын гэмээс болж гэм нүгэлтэн болсон боловч Есүс Христийн дуулгавартай байдлаас болж зөв хүн болсон. Таны хэн болох чинь бүрмөсөн өөрчлөгдсөн. Та бол зөвтгөгдсөн зөв хүн. Адгийн муу ёрын сүнс үүнийг мэддэг бөгөөд таныг зөвт хүн биш гэж харуулахын тулд танаар гэм нүгэл үйлдүүлэх гэж таныг уруу татдаг. Ингэхийн тулд эхлээд таны оюун санаа, бодолд чинь таны үнэ цэнийг алдагдуулах янз бүрийн худал бодол санааг шидэж, түүнийгээ таныг бодож байгаа мэтээр итгүүлэхийг хүсдэг. Харамсалтай нь бид үүнд нь итгэж хууртагддаг. Тэгээд өөрсдийгөө би яаж ингэж муу муухай зүйл бодож, уурлаж бухимдаж, атаархаж, үзэн ядан, зүхэж чадаж байна аа гэж бодон уучлаарай Их Эзэн минь намайг гэж гэмших нэг хэсэг нь байхад зарим нь үүнд бүүр автаж би л ийм хүн юм байна даа, би зөвт биш, миний зүрх сэтгэл буруу байна, би л болохгүй байна гээд Христ Их Эзэнийгээ алдаршуулах оюун бодол эргэцүүлэлтэй биш, харин би би би гэсэн өөрийгөө хянасан, өөртөө сэтгэл хангалуун бус, өөртэйгээ л холбоотой сэтгэхүйтэй болдог. Ийм үед бид бусдад ивээл ерөөл, урам зориг, баяр хөөр өгч чадахгүй, Ариун Сүнс ажиллах орон зайг нь тавьж өгч чадахгүй болдог.

Харин өнөөдөр бүгдээрээ нэгэн үнэнийг мэдэж адгийн муу ёрын сүнсний ингэж ажилладгийг нь бүр мөсөн зогсооцгооё. Энэ боломжтой юу? Үнэхээр боломжтой. Тэрээр ажлаа хийсэн хэвээр л байна. Харин та үүнийг огтхон ч ойшоохгүй. Учир нь өнөөдөр та үнэнийг мэдэж, үнэн таныг чөлөөлөх болно.

Та Христэд итгэхдээ дахин төрж, ямар ч гэмт мөн чанаргүй болсон. Та Христ дотор цоо шинэ бүтээл. Хуучин бүхэн өнгөрөн алга болсон. Өнөөдөр та цэвэр, ариун болсон. Таны өөрийгөө буруутгаж өөрийгөө голоход хүргэж байгаа тэдгээр бодлууд таных биш, муу ёрын сүнснийх. Тэрээр танд таны өөрийн чинь бодол мэт итгүүлдэг. Та зөв хүн болсныхоо хувьд өнөөдөр гэм нүгэл хийхгүй амьдарч чадна гэдгээ мэдэх үү. Библид хэлэхдээ таны биед гэм нүгэл ноёрхохгүй гэсэн. Та гэм хийх үү, яах уу гэдэг  дээр өөртэйгөө тулалддаг юм биш ээ. Энэ бол муу ёрын сүнсний уруу татлага. Адам, Ева хоёр гэм хийх үү яах уу гээд өөрсдөө гэнэт бодоод эхэлсэн үү. Үгүй ээ. Тэр бол муу нэгэний уруу татлага байсан. Танд өнөөдөр мэдээж гэм хийх чөлөөт сонголт, чадвар байгаа. Гэвч гэм хийх нь таны мөн чанар биш. Та бол зөвт хүн. Гэм хийх хүсэл танаас биш, харин муу нэгнээс юм. Бүү муу нэгэнд бууж өг. Та зөвт хүнийхээ хувьд, дээрээс дахин төрсөн хүнийхээ хувьд тэнгэрлэг оршихуйгаар амьдар. Учир нь энэ бол Тэнгэрлэг Эцэгийн чинь танд зориулсан хүсэл. Библид хэлэхдээ бид гэм нүгэлд үхсэн юм чинь цаашид хэрхэн гэм нүгэл дотор амьдрах вэ гэсэн. Мөн Галат 5:24д "Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон" гэсэн.

Би хувьдаа олон жил хэдий миний сүнс цэвэр ариун болж зөв болсон ч бие махбодь маань бузар муу учраас өөртэйгээ тэмцэлддэг хэмээн итгэж явсан. Та боддоо таны дотор хоёр хүн амьдарч байна гээд. Нэг нь сайныг хийхийг хүсдэг, нөгөө нь хийхийг хүсээгүй муу муухайгаа хийдэг. Та бас ийнхүү бодож итгэж, амьдарч байсан байж магад. Үнэндээ ингэж итгэж амьдрах бол нэг төрлийн галзуурал, ядаргаа, туйлдал юм. Ингэж амьдарч байгаа хүмүүс амар тайван, баяр хөөртэй, ялалттай амьдарна гэдэг үнэндээ хэцүү юм. Тиймээс элч Паулын Ром 7:18д "миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй." гэж хэлсэнд би итгэж сүнс минь цэвэр ч бие махбодь маань муу, ямар ч сайн юмгүй хэмээн бодож амьдарч байсан. Үнэндээ би үүнийг дутуу ойлгож байсан гэдгээ мэдсэн.  Учир нь өмнөх ишлэл буюу Ром 7:17д Паул хэлэхдээ ингэж үйлддэг нь би биш, харин миний дотор оршин байгч нүгэл үүнийг үйлддэг юм гэж хэлсэн. Харин Ром 8:3д "Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв." гэсэн. Та харж байна уу? Үнэндээ бидний дотор ажиллаж байсан, биднийг гэм нүгэлд боолчилж байсан тэр нүглийг Бурхан Өөрийн Хүүгийн бие дээр шийтгэсэн гэж байна. Тэгэхээр дээр хэлсний дагуу намайг гэм нүгэл хийлгэх оюун бодол, хүсэл, уруу татлага нь надаас биш юм. Учир нь би нүглийн биегүй болсон. Би анхны хүмүүс болох Адам, Ева хоёроос ч илүү дээр хүмүүс болсон. Учир нь надад Аруин Сүнс бий. Тиймээс өнөөдөр би нүглийн биегүй, би махан биеийн дагуу байгч бус, харин Сүнсний дагуу байгч болсон. ХаллэлуЯа!!! Ром 8:9д "Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна." Тийм учраас Галат 5:25д "Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая" гэсэн. Энэ бол үнэхээрийн гайхалтай!

Тэгвэл яаж хэрхэн Сүнсээр алхах вэ?  Та зөвт гэдэгтээ бүрэн итгэ, таны оюун бодол хүртэл зөвийг бодож сэтгэдэг. Танд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь бий. Энэ бүгдийг Христ бидний төлөө хийсэн. Та зөв байдлаа мэдэх тусам Христ таны төлөө юу хийснийг өөртөө сануулж байгаа юм. Иймээс таны оюун бодол, газар дээрх зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрнө. (Колоссай 3:2) Ийнхүү та Сүнсээр алхах болно. Есүс танд бялхсан амь амьдрал өгөхөөр ирсэн. Бурханы бидний төлөө хийсэн зүйл бол үнэхээр бүрэн төгс гүйцэт. Тэрээр Өөрийн Хүүгээ бидэнд өгөхдөө бүхнээ өгсөн юм. Тиймээс дахин хэзээ ч муу нэгэн үүнээс өөр зүйлийг танд шивнэхийг бүү зөвшөөр, бүү сонс.

Sunday, February 3, 2013

ЕСҮС ХРИСТ + ЮУ Ч БИШ = БҮХ ЮМ


/Өнгөрсөн Бямба гарагийн сургаалаас/

Есүс Христ таны амьдрал дахь бүх асуудал, асуултын ХАРИУЛТ.
Бурхан Өөрийн цорын ганц Хүү Есүсийг энэ хүн төрөлхтөнд өгөхдөө Өөрийн БҮХНЭЭ өгсөн юм.

Танд амар тайван хэрэгтэй байна уу?
Есүс Христ танд энэ дэлхийн өгч чадахгүй ер бусын амар тайвныг өгч чадна.
"Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай." Иохан 14:27

Таны гэр бүл асуудалтай байна уу?
Есүс Христ бол аз жаргалтай гэр бүлийн Төв ба Тэргүүн нь.
"Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд." Ефес 5:22,25

Таны бие мах бодь, зүрх сэтгэлд эдгэрэл хэрэгтэй байна уу?
Есүс Христ таныг бүрэн эдгээж, ер бусын эрүүл мэндийг өгч чадна.
"Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав." Исаиа 53:4, "Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ." 1 Петр 2:24

Танд мэргэн зөвлөмж, саруул оюун ухаан хэрэгтэй байна уу?
Есүс Христ бол Бурханаас бидэнд өгсөн жинхэнэ мэргэн ухаан.
"Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан" 1 Коринт 1:30

Та янз бүрийн айдас хүйдэс, санаа зовнил, муу зуршилд боолчлогдон байна уу? Есүс Христ танд жинхэнэ чөлөөлөлт, хүч чадлыг өгч чадна.
"Хүү [Христ] та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно." Иохан 8:36

Таны амьдрал санхүүгийн гачигдал, дутагдалтай байна уу?
Есүс Христ танд санхүүгийн эрх чөлөөг өгч чадна.
"Хэдийгээр Тэр [Есүс] баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ." 2 Коринт 8:9

Есүс Христ таны бүх асуудлын Хариулт. Үнэндээ танд Есүс Христ л хэрэгтэй. Түүний амар тайван, мэргэн ухаан, эдгэрэл ба чөлөөлөлт, ивээл сайн сайхныг Түүнгүйгээр та авах боломжгүй юм.

ЕСҮС ХРИСТ + ЮУ Ч БИШ = БҮХ ЮМ

"Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?" Ром 8:32

Хараагаа Есүс Христ дээр тавь. Тэр бол таны АВРАЛ.