Wednesday, October 24, 2012

ХРИСТЭД ИТГЭГЧ ХҮНИЙ ХИЙДЭГ ГУРАВ


Шинэ Гэрээний Матай номны 6 дугаар бүлэгт бидний Аврагч, Их Эзэн Есүс Христ Өөрт нь итгэгч хүмүүсийн байнга, тогтмол хийх 3 чухал зүйлсийн тухай өгүүлсэн байдаг. Эдгээр нь:
1. Өглөг өгөх 
2. Залбирах 
3. Мацаг барих 

Есүс Матай 6:1-д:
"Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй." гэж хэлсний дараагаар 'Тиймээс' гэж эхлээд хэрхэн өглөг өгөх, залбирах, мацаг барих тухай зааварласнаараа эдгээр үйлдлүүдийг 'зөвт байдал' болохыг харуулж байна.

Есүс эдгээр 3 чухал зүйлсийн тухай Матай 6:1-18 дээр ярихдаа:

1 Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.
2 Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм. 
3 Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд. 
4 Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
5 Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. 
6 Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. 
7 Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм. 
8 Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг. 
9 Тиймд ийнхүү залбир.
"Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,
Таны нэр ариунаар дуурсгагдаг.
10 Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11 Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12 Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13 Биднийг сорилтод бүү оруулаач,
Харин бузар муугаас гэтэлгээч.
[Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]" 
14 Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. 
15 Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.
16 Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. 
17 Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. 
18 Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.

1. Өглөг өгөх тухайд
'та нар өглөг өгөхдөө' 2-р ишлэл,
'та нар өглөг өгөхдөө' 3-р ишлэл,
'өглөг чинь' 4-р ишлэл,

2. Залбирах тухайд
'Залбирахдаа' 5-р ишлэл,
'чи залбирахдаа' 6-р ишлэл,
'Залбиран байхдаа' 7-р ишлэл,
'ийнхүү залбир' 9-р ишлэл,

3. Мацаг барих тухайд
'Чи мацаг барихдаа' 16-р ишлэл,
'Та нар мацаг барихдаа' 17-р ишлэл,
'Мацаг барьж байгаагаа' 18-р ишлэл, гэсэн нь Христийн дагалдагчид бид үүнийг байнга үйлдэнэ хэмээн бодож хэлсэн нь ойлгомжтой байна.

Тэгвэл эдгээр 3-ийг та хэр их хийдэг вэ? Таны амьдралд эдгээр нь байнга тогтмол байдаг уу?

1. Та өгдөг хүн үү? Та хэр их өгөөмөр, өглөгч хүн бэ? 
Эсвэл та аль болох авах гэсэн сэтгэлгээтэй хүн үү? Авья, ашиглая, үүнээс би юу хожих вэ, надад юу унах вэ гэж бодож, өөрөөсөө асуудаг хүн үү?

Бидний эргэн тойронд нийгэм маань ер нь л авья, ашиглая, алив надаа гэсэн хандлагатай байдаг. Мэдээж өгдөг, өглөгч, өгөөмөр сайн хүмүүс байгаа, байдаг. Зарим хүмүүс өөрсдийн нэр алдар хүндийн төлөө өгдөг, өгч байгаагаа нийтэд зарладаг, харуулдаг, мэдүүлдэг. Зарим нь эргээд өөрт нь өгөгдөх хариутай учраас өөрсдийгөө бодсон далд хувиа хичээсэн байдалтайгаар өгдөг.

Харин Христэд итгэгч хүнд байдаг зайлшгүй нэг чанар бол өглөгч, өгөөмөр зан чанар. Үүнийг та байлгах ёстой гэж өөртөө байлгадаг юм биш. Энэ таны дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрладаг учраас тэр агуу их хайр нь Өөрийг нь цорын ганц хайртай Хүү Есүсийг хүн төрөлхтний гэм нүглийн төлөө өгөхөд хүргэсэн. Тэрээр хайрласан учраас өгсөн. Хайр бол Өгөгч, Өгөөмөр. Бурхан бол Хайр. Тиймээс Тэрээр агуу Өгөгч. Та Бурханы дүр төрхөөр Ариун Сүнсээр Есүст итгэн дахин төрснийхөө хувьд Түүний өгөөмөр чанарыг харуулагч болдог. Түүнээс авах зохисгүй агуу их уучлал өршөөлийг бэлэг болгон өөрийн зүгээс ямар ч үнэ төлөөгүй авсан бидний хувьд өгөгч, өгөөмөр байна гэдэг бол ''байгалийн''.

Иймээс та өгөгч хүн бай. Таны эргэн тойронд хэрэгтэй зүйлээр дутагдсан хэн нэгэн үргэлж байх болно. Дан ганц эд агуурсаар биш хайр халамж, урам зориг, итгэл найдварыг өгөгч, бэлэглэгч өгөөмөр нэгэн бай.

2. Та хэр их залбирдаг вэ?  Залбирал таны хувьд юу вэ? 

Тусламж хэрэгтэй үедээ л та яаран сандран залбирдаг уу? Эсвэл зөвхөн хоолоо зооглохдоо талархангаа залбирсан болдог уу?  Залбирал таны амь амьсгал, таны зэвсэг үү?

Өдөр ирэх тусам миний ойлгож байгаа нэг чухал зүйл бол 'Би чадахгүй юм байна. Надад Их Эзэний Ариун Сүнсний тусламж хэрэгтэй.' Тиймээс залбирал амьсгалах агаар адил агаад талархал үргэлжид уруулын минь үр жимс мэт.

Есүс бидэнд хэрхэн яаж, юуны төлөө залбирах тухай Матай 6:9-13 дээр зааж өгсөн.
Та залбирахдаа Бурхан Аавдаа хандан Есүс Христийн нэр дээр Ариун Сүнсний хүч чадлаар залбирна. (Ром 8:26)

Залбирал бол таны Бурхантайгаа харилцах амьд харилцаа. Та өөрийн дуу хоолой, ер бусын хэл, оюун бодол, хүсэл тэмүүлэл, зүрх сэтгэлээрээ залбирч болно. Тэрээр таны бодсоноос ч илүү тантай ойр байдаг бөгөөд таны залбирлыг сонсохдоо баяртай байдаг.

3. Та мацаг барьдаг уу? Хамгийн сүүлд хэзээ мацаг барьсан бэ? Мацаг барих нь ямар учир утга, ач холбогдолтой вэ?

Бидний амьдарч буй Шинэ Гэрээний энэ үед зарим хүмүүс мацаг барих шаардлагагүй гэж үздэг. Хүмүүс юу гэж үзэж, дүгнэж байгаагаар бус харин Библи болох Бурханы Үг л юу гэж зааж буйгаар бид амьдрах ёстой. Бидний харснаар Есүс 'та нар мацаг барихдаа' гэж өглөг өгөх, залбирахтай адил холбож зааварласан нь бид ч гэсэн мацаг барина гэдгийг харуулж байна.

Хуучин Гэрээний Исаиа 58-р бүлэгт мацаг барилтын талаар тодорхой дурдсан байдаг.

Мацаг барилт гэдэг нь ямар нэгэн сүнслэг зорилготойгоор хоол хүнснээс татгалзан, Бурханы Үгийг уншиж судлан, залбирч Түүний нүүр царай, хүслийг өөрийн амьдралдаа эрэлхийлэхийг хэлнэ.

Исаиа 58-6-7-д
"Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан,
буулганы оосрыг тайлан,
дарлагдагсдыг чөлөөлж,
аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?
Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан,
орон гэргүй ядуусыг гэртээ оруулан,
нүцгэн нэгнийг хараад хувцаслаж,
өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?" хэмээн Бурхан айлдсанаараа мацаг барилтын сүнслэг зорилгыг тодорхойлж өгсөн.

Иймээс зөв сүнслэг мацаг барилтын үр дүнд гарах гайхамшигтай ивээл ерөөлүүдийг Бурхан мөн Исаиа 58:8-14-д амласан. Тухайлбал: Гэрэл, Эдгэрэл, Үнэн зөв, ЭЗЭНий цог жавхлан, хамгаалалт, залбирлын хариу, ер бусын удирдамж, хүсэл хангагдах, бие мах бодид хүч тэнхээ, сэргэлт, баяр хөөр, өв хөрөнгө шагнал болж бидний амьдралд ирэх болно.


Өнөөдөр таныг Матай 6:1-18-ыг уншаад, өөрийнхөө амьдралаа, Христэч алхаагаа Бурханы Үгийн дагуу дахин нэг анзаарч, анхаарч, шинжиж, дүгнэж үзээрэй хэмээн уриалж байна.

Та өгдөг, залбирдаг, мацаг барьдаг нэгэн байгаарай. Их Эзэн ивээг!

Friday, September 28, 2012

ХОРВООГИЙН ГЭРЭЛ

Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч, алхаж байхдаа Өөрийгөө "Би бол хорвоогийн гэрэл. Намайг итгэн дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэл (бялхсан амь амьдралд хүргэх гэрэл)-тэй болно" гэж хэлсэн. (Библийн Иохан 8:12-д)

Миний мэдэхээр Есүсээс өөр хэн нэгэн хэзээ ч ингэж өөрийнхөө тухай урьд нь ч, хочид ч хэлж байгаагүй. Тийм зүйл би сонсоогүй, уншиж мэдээгүй, эрэн хайж олоогүй. Зөвхөн Есүс Христ л Өөрийнхөө тухай ингэж хэлсэн. Тэрээр нэг бол үнэхээр том худалч, эсвэл үнэхээрийн энэ хүн төрөлхтөн, орчлон ертөнц, хорвоогийн жинхэнэ Гэрэл. Иймээс Есүсийн  Өөрийнхөө тухай хэлсэн нь үнэн худал эсэхийг эрэн хайж олох нь миний бодлоор оюун ухаантай, логик дэс дараатай боддог хүмүүсийн зүйн ёсны хэрэг мэт. Харамсалтай нь хүмүүс бид дэндүү хойрго, унхиагүй, үл огоорох байдалтай байдаг.

Есүс ингэж хэлэхийн өмнө нэгэн явдал тохиолдсон. Үүнийг Библийн Шинэ Гэрээний Иохан номны 8 дугаар бүлгээс уншиж болно.
Есүст хорссон, үзэн ядсан, атаархсан тухайн үеийн Хуулийн багш нар, фарисайчууд (эдгээр хүмүүс нь Библийн Хуучин Гэрээний Бурханы Өөрийн сонгосон ард түмэн болох Изриальчуудад өгсөн Хууль, Хуучин Гэрээний эхний таван номыг А, Б-гүй мэддэг, цээжилсэн, гэвч биелүүлэх тал дээр хоёр нүүртэй, Хуулийг гаднаа биелүүлж буй мэт боловч, дотроо тэрсэлж буй хүмүүс) Есүсийг буруутгах шалтаг олохын тулд завхайрч байсан нэгэн эмэгтэйг үйлдэл дээр нь бариад Есүс болон олны өмнө авчирдаг. Тэгээд Хуулийн дагуу бол энэ эмэгтэй чулуугаар шидүүлж үхэх ялтай, гэвч Есүсээс энэ талаар юу гэж хэлэх талаар асуудаг. Есүс харин энэ хүмүүсийн зүрхнийх нь гүн бодлыг мэдэж байсан. Хэрэв Есүс тийм Хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй гэвэл энэ эмэгтэй тэр даруй хөөрхийлөлтэйгөөр хүмүүсийн өмнө амиа алдах байсан. Тэгээд эдгээр хуулийн багш нар, фарисайчууд өөрсдийгөө зөв зүйтэй зүйл хийсэн гэж олны өмнө харуулах байсан. Харин Есүс үгүй, та нар зөвхөн Намайг сорихын тулд энэ эмэгтэйг ингэж олны дунд авчирсан гэж хэлбэл Есүс хуулийн өмнө буруутан болох байсан бөгөөд эдгээр хуулийн багш нар зорьсондоо хүрэх байсан. Гэвч Есүсийн тэдэнд өгсөн хариу үнэхээрийн гайхалтай.
Тэрээр тэдэнд та нарын дундаас гэмгүй нэгэн нь чулуу аваад энэ эмэгтэй рүү шид гэж хэлсэн. Харин удалгүй хүмүүс ахмадаасаа залуу хүртэл нэг нэгээрээ гарч явсаар зөвхөн өнөөх эмэгтэй Есүс хоёр л үлддэг.
Есүсийг тийнхүү хэлсний дараагаар хүмүүс өөрийн зүрх сэтгэлээ өнгийн харсан. Хэдхэн мөчийн өмнө юу нь зөв, юу нь бурууг тэд маш сайн мэдэж байсан. Гэтэл одоо өөрсдийн гэм нүгэл, бузар булайг олж харсан. Тэгээд хэн ч зүрхлээгүй тул өнөөх эмэгтэй рүү чулуу онилж чадаагүй. Тэгээд Есүс эмэгтэйгээс нөгөө буруутгаад байсан хүмүүс хаачив, хэн ч бурууж шийтгэсэнгүй юу хэмээн асуухад эмэгтэй Түүнд тиймээ Эзэн минь хэн ч буруутгаж шийтгэсэнгүй гэж хариулсан. Тэгээд Есүс түүнд Би ч мөн адил чамайг буруутгаж шийтгэхгүй, харин явж дахин гэм нүгэл бүү үйлд гэж хэлсэн. Үүний дараагаар Есүс Өөрийгөө "Би бол хорвоогийн гэрэл" гэж хэлсэн.

Иохан 1:14 дээр Есүс нигүүлсэл ба үнэнээр дүүрэн Нэгэн хэмээсэн байдаг. Тэрээр нигүүлслээр дүүрэн байгаагийн хувьд тэрхүү гэм нүгэл үйлдсэн эмэгтэйг уучилсан. Бурхан хүн төрөлхтнийг шийтгэхийн тулд биш, харин аврахын тулд Хүү Есүсийг илгээсэн хэмээн Иохан 3:17-д өгүүлдэг. Есүст энэрэх, нигүүлсэх, уучилж өршөөх эрх мэдэл нь байсан. Учир нь Тэрээр цорын ганц гэм нүгэлгүй Нэгэн бөгөөд гэмт хүн төрөлхтний гэм нүглийг өөр дээрээ үүрэхээ мэдэж байсан. Тэрээр гэм нүгэл үйлдсэн эмэгтэйд авах, хүртэх зохисгүй энэрэл нигүүлсэл, уучлал өршөөлийг соёрхсон. Тэр эмэгтэй үнэн хэрэг дэрээ та бид хоёр.

Бид бүгдээрээ гэм нүгэл үйлдсэн. Гэм нүглийн шийтгэл үхэл, үхэл үхэлдээ Библи дээр хоёр дахь үхэл буюу там болох мөнхийн хүхэртэй галт нууранд шатагдах шийтгэл. Үнэхээрийн аймшигтай! Бид уучлал өршөөл авах, хүртэх зохисгүй хүмүүс. Харин бид өөрсдийн гэм нүглээ хүлээн зөвшөөрч, гэм нүглээ ухааран, гэмшиж Бурханаас уучлал өршөөлийг гуйж, Есүс Христ миний өмнөөс гэм нүглийн минь төлөөс болж үхээд, дахин амилсанд итгэхэд Библид бид аврагдах болно хэмээн үгүйлдэг. Бид авах зохисгүй тэр хайр энэрэл, нигүүлслийг яг тэр эмэгтэйн адил хүлээн авсан. Тэр эмэгтэй гэвч гэмшээгүй шүү дээ гэж бодож болох юм. Тэр эмэгтэй олны өмнө байсан. Завхайрч байхад нь барьж, олны өмнө авчирна гэдэг ямар их ичгүүр, сул дорой байдал, өөрийгөө буруутгах, үзэн ядах, хамарсаж харуусах, гэмших нөхцөл байдал вэ. Тэр эмэгтэй Бурханы хуулийн эсрэг гэм нүгэл үйлдсэн, аруин Бурханы өмнө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшсэн. За тэгвэл тэр эмэгтэй Есүст итгээгүй шүү дээ гэж бас хариулж болох юм. Есүс түүнд Би ч гэсэн шийтгэхгүй гэж хэлэхэд тэр эмэгтэй уучлал өршөөлийг хүлээж авсан. Тэрээр түүнд итгэсэн. Библийн Ромын 2:4-д Бурханы сайн сайхан биднийг гэмшилд хүргэдэг гэсэн байдаг. Жинхэнэ гэмшил үргэлж жинхэнэ итгэлийг дараасаа дагуулдаг. Тэр эмэгтэй гэмшиж, Есүсийн сайн сайхныг харснаараа Түүнд итгэсэн. Есүс нигүүлслээр дүүрэн Нэгэний хувьд түүнийг уучилж өршөөсөн.
Есүс мөн үнэнээр дүүрэн Нэгэний хувьд тэр эмэгтэйд мөн үнэнийг хэлсэн. Дахин гэм нүгэл бүү үйлд. Ингэж хэлэхдээ Есүс үнэнийг тэр эмэгтэйд хэлсэн. Есүс зүгээр л гэм нүглийг харахгүй, үл тоомсорлоогүй. Тэрээр хүн төрөлхтнийг аврахын тулд гэм нүглийн төлөөс нь болно гэдгээ мэдэж байсан. Гэм нүгэл бол тоглоом биш. Учир нь гэм нүгэл үргэлж үхлийг авчирдаг. Библид гэм нүгэл түр зуурын зугаа цэнгэл, таашаал гэсэн байдаг. Гэм нүгэл бол түр зуурынх, гэвч үр дүн нь үхэл. Бүх төрлийн үхэл. Сүнслэг, оюун санаа, бие махбод, санхүү, эрүүл мэнд, бүх төрлийн үхлийн үр дүнг авчирдаг. Хамгийн ноцтой нь гэм нүгэл биднийг тамд аваачих хангалттай шалтгаан. Тэр эмэгтэй цаашдаа хэрхэн гэм нүгэл үйлдэхгүй амьдарч чадах вэ гэж асууж болох юм. Тэрээр Есүсийн уучлал өршөөл, энэрэл нигүүлслийг хүртсэн хүний хувьд тэрхүү нигүүлсэл нь түүнд гэм нүгэл хийхгүй харин шинээр амьдрах хүч чадал, тэнхээ болох болно. Тиймээс Есүс явж бүү дахин нүгэл үйлд гэж хэлсэн. Бид ч мөн адил агуу их уучлал өршөөлийг Есүсээс болж авсаныхаа хувьд гэм нүглээс хол зөв амьдарч чадна. Үүнийг бид Түүний нигүүлслээр чадна.

Есүс бол Хорвоогийн гэрэл. Та Түүнд итгэн дагаснаар амь амьдралд, бялхсан амь амьдралд хүргэх гэрэлд алхах болно. Та Түүний энэрэл нигүүлслээр авах, хүртэх зохисгүй нигүүлслийг хүлээн авсан. Тиймээс мөн гэм нүгэл дахин бүү үйлд. Хэрэв та Есүст итгээгүй бол Түүний өмнө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, Түүнээс уучлал өршөөлийг авч, Тэрээр дахин амилсанд нь итгэж шинэ амьдралыг хүлээн авч, шинэ амьралаар амьдрах боломжтой. Есүс бол хорвоогийн гэрэл. Энэ ертөнцийн цорын ганц Аврагч мөн Эзэн. Тэрээр таныг ивээх болтугай.

Francis Chan ~ "Aging Biblically" ~ Sermon Jam