Thursday, May 2, 2013

ТА АЛЬ НЬ ВЭ? АЛЬ НЬ БАЙХЫГ ХҮСНЭ ВЭ?

Өнгөрсөн Бямба гарагийн 2013 оны 4 сарын 13-ны баярын цуглааны номлолоос:

Есүс Христэд итгэгч хүмүүс Мөнхийн Эзэнээр зөвтгөгддөг. Библи хэлэхдээ Аврахам Мөнхийн Эзэнд итгэсэн учраас зөвт хэмээн тооцогдсон гэсэн байдаг. 

"Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав." - Эхлэл 15:6. 

Ийнхүү Аврахам зөвт болсон нь зөвхөн түүний төлөө биш, мөн Есүс Христэд итгэх бидний төлөө бас бичигдсэн гэж Библи өгүүлдэг.

"Тэр зөвт байдалд тооцогдсон" гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус,
бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ. Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм. - Ром 4:23-25

Аврахам зөвт болсны адил бид ч мөн Христэд итгэх итгэлээр зөвт. Библид мөн Аврахамын ач дүү болох Лотыг бас зөвт хэмээн бичсэн байдаг.

"ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол" 2 Петр 2:7

Энэ хэсэгт Мөнхийн Эзэн Лотыг аварсан тухай дурдсан байдаг. Лотыг дурдахдаа Ариун Библи 'зөвт' хэмээн онцолсонг бид харж байна. Тэгэхээр Лот мөн адил Аврахам шиг, мөн та бидэн шиг зөвт байсан. Хүн үйлсээр зөвтгөгдөх боломжгүй тул Лот ч мөн адил итгэлээр зөвтгөгдсөн нь дамжиггүй.

Өнөөдөр та бид хоёр Мөнхийн Эзэний энэрэл нигүүлслээр Түүнд итгэх итгэлээр аврагдаж, үүрд зөвтгөгдсөн билээ. Энэ бол үнэхээрийн гайхалтай үнэн. Энэ зөвтгөл биднийг Их Эзэнээс холдуулах бус, харин ойртуулахын төлөө юм. Бидний анхаарал, зүрх сэтгэл өөрсөд дээр маань бус, харин Мөнхийн Эзэн дээр байхын төлөө юм.

Харамсалтай нь, зарим Христэд итгэгч зөвт хүмүүс үүнийг үнэлж нандигнах биш, харин нь ч "Нэгэнт би итгэгч болоод бүх гэм нүглээсээ уучлагдаж цагаагтгагдаж зөвт болсон юм чинь гэм нүгэл хийж болох юм байна" гэж бодон итгэгч биш хүн шиг гэмт амьдрал, амьдралын хэв маягаар амьдардаг.

Үнэндээ зөвт Лотын амьдрал ийм нэгэн амьдрал байсан юм. Хэдий Аврахам, Лот хоёр хоёулаа зөвт байсан ч, тэдний амьдралын замнал тэс өөр байсан.

Библид хэлэхдээ Лот Содомын ойролцоо майхнаа барьсан гэдэг.

"Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ." - Эхлэл 13:12

Библийн Хуучин ба Шинэ Гэрээний аль алинаас нь харахад Содом бол гэм нүгэлтэй, бардамналтай амьдралын хэв маягийг тодорхойлж, төлөөлдөг болохыг бид хялбархан харж болно. Лот майхнаа Содомтой ойрхон бариад зогсолгүй бүр дотор нь амьдарч байсныг бид Библиэс мөн харж болно.

Өөрөөр хэлбэл, зөвт Лот гэм нүгэлтэй амьдралыг өөртөө сонгосон гэсэн үг юм. Тэрээр гэм нүгэлтэй нуугдмал амьдралыг сонгосон учраас дайсанд хүртэл баригдаж олзлогддог. Эхлэл 14 бүлэгт бид үүнийг харж болно. Харин энэ үед түүнийг зөвт Аврахам чөлөөлдөг. Харамсалтай нь Лот эргэн гэмт нүгэлт амьдрал уруу хөлөө явуулдаг. Сургамж авах боломж байсан авч, тэрээр гэм нүгэл, алдаанаасаа сураагүй юм. Үр дүнд тэрээр маш өндөр төлөөс төлөх хэрэгтэй болсон. Тэрээр өөрийн гэр бүлээ алддаг. Түүний хоёр охины нөхрүүд нь Содомтой хамт үнс товрог болдог. Түүний эхнэр нь ер бусын элчийн үгийг сонсож дагаагүйгээс болж давсан багана болдог. Түүний амь гарсан хоёр охин нь хожим нь гэм нүгэл үйлддэг.

Зөвт Лот Мөнхийн Эзэний энэрэл нигүүлслээр аврагдсан хэдий ч түүний гэр бүл маш том гарз хохирол амсдаг. Тэрээр гэмт амьдралаасаа болж маш өндөр төлөөс төлсөн. Гэм нүгэл үргэлж төлөөстэй байдаг бөгөөд Библи хэлэхдээ гэмийн төлөөс бол үхэл гэдэг. (Ром 6:23)

Зөвт Лот өөрийн гэр бүлээ үнэнээр дагуулж чадаагүй юм. Тэрээр гэр бүлдээ жинхэнэ хэрэгтэй өвийг үлдээж чадаагүй. Юутай эмэгнэлтэй түүх вэ. Та бид хоёр Мөнхийн Эзэний энэрэл нигүүлслээр Лотын түүхийг бүү давтаасай.

Зөвт Аврахам өөр амьдралаар амьдарсан юм. Зөвт хүн итгэлээр амьдарна гэж бичигдсэний дагуу тэрээр итгэлээрээ үргэлж Мөнхийн Эзэнээ эрэлхийлэн амьдарсан юм. Тэрээр өөрийн Эзэнийхээ үнэн, мөн чанарыг өөрийн гэр бүл, үр хүүхэддээ зааж сургаж, өвлүүлж амьдарсан юм.

"Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв." - Эхлэл 18:19

Мөнхийн Эзэн Аврахамыг сайн мэддэг байсан. Тэрээр Аврахамыг Өөрийнх нь зөв ба шударгыг үр хүүхдүүдээ зааж сургаж, өвлүүлнэ гэдгийг сайн мэддэг байсан. Зөвт Аврахам өөрийн итгэлээр гэр бүл дотроо амьдарсан юм. Тиймээс Библи хэлэхдээ Аврахамыг Мөнхийн Эзэний найз гэсэн байдаг.

Үнэндээ Аврахам өөрийн итгэлээ үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээсэн учраас Аврахамын Бурхан, түүний хүү Исаакын Бурхан, түүний ач хүү Иаковын Бурхан гэж Библи нэрлэдэг.

Аврахамын зүрх сэтгэл Мөнхийн Эзэнийг нандигнан, эрэлхийдэг байсан. Тиймээс тэр бидний итгэлийн эцэг болсон. Түүний нэр Еврей 11 бүлгийн итгэлийн баатруудын бүлэгт бичигдсэн байдаг. Тиймээс Мөнхийн Эзэн түүний болон бусад итгэлийн баатруудын Бурхан гэж нэрлэгдэхээс тэднээс ичээгүй. (Ервей 11:16)

Та аль зөвт итгэгч байхыг хүсч байна вэ? Та өнөөдөр аль нь байна вэ? Зөвт Аврахам уу, эсвэл зөвт Лот уу?

Зөвт Аврахам Мөнхийн Эзэний найз байж, Түүний ивээл ерөөл, амар тайван, сайн сайхан бүхэн дотор нь Эзэнтэйгээ дотно харилцаатай байж айх айдасгүй амьдарсан.

Та бид хоёр Есүс Христийн золиосоос болж, Аврахам итгэлийн эцгийн жинхэнэ хүүхдүүд, улмаар Мөнхийн Эзэн Аавын хайрлагдсан хүүхдүүд байх болтугай.